Цөмийн энергийн салбарт хүний нөөц бэлтгэх чиглэлээрх Монгол, Японы удирдах зөвлөлийн ээлжит уулзалт боллоо.

Японы Атомын энергийн агентлагийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төвөөс “Сургагч багш бэлтгэх” сургалтыг “Реактор инженер”, “Гадаад орчны цацрагийн хяналт”, “Ослын бэлэн байдал” сэдвээр Япон Улсад зохион байгуулж, Индонез, Малайз, Филиппин, Казахстан, Турк, Саудын Араб, Монгол зэрэг 10 гаруй орны багш, судлаачид, мэргэжлийн албан хаагчдыг хамруулдаг. Манай улс тус сургалт 2012 оноос эхлэн үндэсний хүний нөөцийг хамруулж бэлтгэж ирсэн.

Эдгээр мэргэжлийн сургалтуудын үр дүн, агуулга, хэрэгцээ шаардлага, цаашид анхаарах асуудлын талаар талууд жил бүр уулзаж, санал солилцдог бөгөөд энэ жилийн уулзалт 8 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Цөмийн энергийн комиссын Ажлын албан дээр зохион байгуулагдлаа. Уулзалтаар 2 орны цөмийн энергийн салбарын өнөөгийн байдал, мэргэжлийн сургалтуудын агуулга, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, хүний нөөцийг хөгжүүлэх талаар хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа талууд илэрхийллээ.