“ОУАЭА-ИЙН ЦӨМИЙН ЗЭВСЭГ ҮЛ ДЭЛГЭРҮҮЛЭХ БАТАЛГААНЫ ХЭРЭГЖИЛТ” сэдэвт үндэсний сургалт зохион байгуулагдлаа.
ЦЭК-ын Ажлын алба АНУ-ын Эрчим хүчний яам, Үндэсний цөмийн аюулгүй байдлын газартай хамтран Олон улсын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны оролцоо (INSEP-International Nuclear Safeguards Engagement Program) хөтөлбөрийн хүрээнд “ОУАЭА-ийн цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааны хэрэгжилт” сэдэвт үндэсний сургалтыг Улаанбаатар хотноо 2023 оны 05 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад АНУ-ын Эрчим хүчний яам, Үндэсний цөмийн аюулгүй байдлын газрын Олон улсын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны оролцоо хөтөлбөрийн ахлах менежер, Сандиагийн үндэсний лаборатори, Брукхэвен үндэсний лаборатори, Оак ридж үндэсний лабораторийн экспертүүд, ОУАЭА-ийн цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны байцаагчид болон Монгол Улсын Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Боловсрол шинжлэх ухааны яамны цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газар, Нийслэлийн боловсролын газрын цөмийн болон цацрагийн хяналтын хэлтэс, Геологийн судалгаа шинжилгээний төв, Хавдар судлалын үндэсний төв, Цөмийн физикийн судалгааны төв, Тагнуулын ерөнхий газар зэрэг байгууллагын албан хаагчид оролцлоо.
Тус сургалтыг ЦЭК-ын Ажлын албаны дарга Г.Манлайжав нээж хэлсэн үгэндээ Монгол Улс 1968 онд Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурж, 1972 онд Иж бүрэн баталгааны гэрээнд нэгдэн орсон бөгөөд гэрээний хүрээнд олон улсын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсээр байгааг цохон тэмдэглэж, Зүүн хойд азид цөмийн зэвсэгтэй орнуудын дунд оршдог Монгол Улс нь үй олноор хөнөөх зэвсгийг хориглох, зэвсэг хураах, цөмийн зэвсгээс ангижрах чиглэлд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэйг онцолсон юм.
Монгол Улсын Их хурал 2015 онд “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” 60 дугаар тогтоолын 1 дүгээр хэсгийн 3-т Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд тус тус нэгдэн орох үүргийг Монгол Улсын Засгийн газарт өгсөн. ЦЭК-ын Ажлын алба нь эдгээр конвенц, протоколд нэгдэн орох асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Энэ удаагийн сургалтаар оролцогчид Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээ, гэрээтэй холбогдуулан баталгаа хэрэглэх хэлэлцээр, хэлэлцээрт оруулсан нэмэлт протоколын тухай ерөнхий ойлголт, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколын хүрээнд улс орнуудын хүлээх үүрэг хариуцлага, баталгаа хэрэглэх шаардлагатай цөмийн материалын бүртгэл, хяналт шалгалтын үр дүнтэй тогтолцоо, нэмэлт протоколын хүрээнд илгээх мэдүүлэг, ОУАЭА-ийн баталгааны газрын хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдлэг олж авлаа.
Мөн Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааны хэлэлцээрт хамаарах цөмийн материалыг таних, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколын дагуу анхны тайланг хэрхэн боловсруулах, нэмэлт протоколын дагуу мэдүүлэг бөглөх, ОУАЭА-ийн хяналт шалгалтад бэлтгэх талаар дасгал ажил хийж, ОУАЭА-ийн байцаагч болон АНУ-ын экспертүүдээс туршлага хуримтлуулсан үр дүнтэй сургалт боллоо.“Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол”-д Монгол Улс нэгдэн орсноор манай улсад ашиглагдаж байгаа бүхий л цөмийн материал энхийн үйл зорилгоор ашиглагдаж буй гэдгийг баталгаажуулахаас гадна олон улсад Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг улам батжуулах юм.