Мэдээ

Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын атомын энергийн агентлаг хооронд хэрэгжүүлэх “Техникийн хамтын ажиллагааны хүрээ 2022-2027” баримт бичгийг байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, уг баримт гарын зурах эрхийг Цөмийн энергийн комисст олголоо. 

Энэхүү баримт бичгийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, байгаль орчин, усны нөөц, цөмийн шинжлэх ухаан, технологи, цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, эрчим хүч, аж үйлдвэр, уул уурхай гэсэн 7 чиглэлд цөмийн орчин үеийн техник, технологийг Монгол Улсын нийгэм-эдийн засгийн чиглэлд нэвтрүүлэн, хүний нөөцийг хөгжүүлэх ажил хийгдэнэ. 

Олон улсын атомын энергийн агентлаг нь хөгжиж буй гишүүн орнууддаа Техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Техникийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийг 6 жил тутамд байгуулж, тухайн орны хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдэд цөмийн технологи нэвтрүүлэх болон салбарын хүний нөөц бэлтгэхэд дэмжлэг үзүүлдэг. Манай улс тус хөтөлбөрт 1975 оноос эхлэн хамрагдаж, нийт 16.4 сая еврогийн дэмжлэг авсан юм. 

Монгол Улс болон ОУАЭА хоорондын 2015 онд байгуулсан “Техникийн хамтын ажиллагааны хүрээ 2016-2021” баримт бичгийн хүрээнд эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухааны салбарт нийт 3.9 сая еврогийн 17 төсөл хэрэгжүүлж, орчин үеийн цөмийн техник, технологийг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв МХЕГ, ШУА-ийн Газарзүй, гэеэкологийн хүрээлэн, ХААИС, МУИС, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Биокомбинат улсын төсөвт үйлдвэрийн газар зэрэг байгууллагад нэвтрүүлж, хүний нөөцийг бэлтгэсэн байна.