Нээгдээгүй чуулганы эргэн тойронд...

Манайд УИХ-ын ээлжит сонгууль ойртож, улс төрийн хүчнүүд хөдөлгөөнд орж эхэлж байна. 

Түүний нэг гол золиос нь өнгөрсөн долоо хоногт төрийн эрх барих дээд болон хууль тогтоох байгууллага болох Улсын Их Хурал боллоо. Ноднин жил УИХ Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай 60 дугаар тотгоолыг батлан гаргасан. Түүний 3-т “Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протокол болон Цөмийн бага хэмжээний шинэчилсэн протоколд тус тус нэгдэж орохыг Засгийг газарт чиглэл болгосон билээ. УИХ-ын тэрхүү шийдвэр нь цаг үеэ олсон чухал шийдвэр байсан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх нь манай улс цөмийн гадаад аюулгүй байдлаа бэхжүүлэхэд чухал алхам болох учиртай.

Уг  багц конвенц, протоколыг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлж болох байсан боловч тэдгээрийг гэв гэнэт 3 сарын 29-нд УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн нь олон нийтийн дунд ташаа ойлголт төрүүлж нэлээд шуугиан дэгдээв. Эрх баригчид тэрхүү шийдвэрээ тайлбарлахдаа 3 сарын 31- 4 сарын 1-нд хаа байсан Вашингтонд хуралдах Цөмийн аюулгүй байдлын тухай дээд хэмжээний хурлын өмнө эдгээр баримт бичгүүдийг УИХ-аар соёрхон батлуулж Монгол Улсад улс төрийн нэгэн “очко” авах зорилготой байсан гэсэн тайлбарыг хийв. Хэдийгээр эдгэээр конвенц, протоколд цаг алдалгүй нэгдэж орох нь чухал боловч Вашингтоны хуралд ямар нэгэн нөлөө үзүүлэх буюу  түүнд оролцогчын  анхаарлыг татахгүй байсан байх. Тэгээд ч манайхыг мэдэх нэг нь ээлжит шоудах аргаа хэрэглэж байна гэж үзэх байсан болов уу. Тиймээс энэ асуудлыг ашиглан улс төрийн нэгэн нүүдэл хийх бодолтой байсан болов уу. Ямартай ч манай цөмийн гадаад аюулгүй байдалтай холбоотой  энэ чухал асуудлыг улс төржүүлсэн нь хөндлөнгөөс харахад эмгэнэлт хошин жүжиг тавьж байгаа мэт сэтгэгдэл төрөв. УИХ-аас нэгэнт энэ асуудлаар тодорхой зөвлөмж шийдвэр гаргасан байсан учраас асуудлыг бүх талаас нь нухацтай хэлэлцээд шаардлагатай тодруулгыг хийсний дараа шийдвэр гаргах учиртай юм. Энэ бол процедур талаасаа.