ОУАЭА-ийн Дотоод аудитын мэргэжилтнүүд ирж ажиллалаа.

Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-ийн Дотоод хяналтын албанаас тус Агентлагийн гишүүн орнууддаа хэрэгжүүлж буй үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнг үнэлэх, цаашдын үйл ажиллагааны ач холбогдол, үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд сургамж авч, сайжруулах чиглэлүүдийг тодорхойлох зорилгоор үнэлгээ, аудитыг хослуулсан гүйцэтгэлийн иж бүрэн үнэлгээ хийх ажлыг 2022 онд Ази, номхон далайн бүсийн 6 оронд зохион байгуулахаар төлөвлөсөн.

Тус ажлын хүрээнд ОУАЭА-ийн мэргэжилтнүүд 2022 оны 4 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд манай улсад ажиллаж, Агентлагийн байнгын болон техникийн хамтын ажиллагааны хүрээнд 2016-2021 онд Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, ХААИС-ийн харьяа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв зэрэг 8 байгууллагад хэрэгжсэн болон үргэлжлэн хэрэгжиж буй үндэсний 18 төслийн хэрэгжилт, хүрсэн үр дүн, хүлээн авсан багаж, тоног төхөөрөмжийн ашиглалттай танилцаж, хүний нөөцийн үйл ажиллагаа буюу сургалт, дадлагажих сургалт, эрдэм шинжилгээний айлчлал, шинжээч хүлээн авах арга хэмжээнд хамрагдсан албан хаагчидтай ярилцлага хийсэн.

Монгол Улс ОУАЭА-ийн гишүүнээр элссэнээс хойш 1975-2021 онд Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийт 92 үндэсний төслийг амжилттай хэрэгжүүлж, эдгээр төслүүдийн үр дүнд байгаль орчин, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал, геологи, уул уурхай, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлд 16.4 сая еврогийн хөрөнгө оруулалтыг хийж, салбарын судалгаа, хяналт шинжилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хүний нөөцийг бэлтгэсэн байна.