НМХГ-ЫН ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН АЛБАН ХААГЧДАД ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ

ЦЭК-ын Ажлын алба, НМХГ-ын даргын хамтран баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу НМХГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн албан хаагчдад шинээр нэвтэрч буй цөмийн технологи, цацрагийн хэмжилтийн багаж хэрэгсэл, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний хэрэгжилт, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал сэдвийн хүрээнд танилцуулга, сургалтыг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа. 

Сургалтын зорилго нь шинээр нэвтэрч буй цөмийн технологи, цацрагийн хэмжилтийн багаж хэрэгсэлтэй танилцах, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцах, улсын байцаагчдын мэдлэгийг дээшлүүлэх улмаар төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад оршино.

Сургалтаар Цөмийн энергийн комиссын Ажлын албаны бүтэц, чиг үүрэг, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, Дозиметрийн тохируулга, баталгаажуулалтын лабораторийн үйл ажиллагаа, ионжуулагч цацрагийн хэмжлийн нэгдмэл байдлыг хангах арга аргачлал, цацрагийн хамгаалалтын хувцас, хэрэгсэл, ионжуулагч цацраг хэмжих хэрэгслийн нөөцийн бүрдэл, ашиглалт болон Изотоп конторын үйл ажиллагаатай танилцсан.

 Мөн ОУАЭА-ийн Цацрагийн аюулгүй ажиллагааны мэдээллийн менежментийн систем (Radiation Safety Information Management System), Цөмийн материал цацраг идэвхт үүсгүүрийн хууль бус хөдөлгөөний мэдээллийн сан (Incident and Trafficking Database), Цөмийн болон цацрагийн ослын шуурхай мэдээллийн систем (Unified System for Information Exchange in Incidents and Emergencies)-ийн талаар тус тус мэдээлэл хийлээ.