Цөмийн мэдлэгийн менежментийн асуудлаар Олон улсын шинжээчдийн баг ажиллаа
Олон улсын атомын энергийн агентлаг 2018 оны 12 дугаар сарын 03-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ОУАЭА-ийн шинжээчдийн баг мэдлэгийн менежментийн асуудлаар сургалт-семинар хийлээ.
Сургалт-семинараар ОУАЭА-ийн шинжээчид мэдлэгийн менежментийн үндсэн ойлголт, мэдлэгийг олж авах, мэдээллийг хамгаалах чадавхыг хөгжүүлэх, мэдлэгийг түгээх, мэдээллийн эрсдэлийн үнэлгээ зэрэг сэдвүүдээр 2 өдрийн семинар зохион байгуулж, санал солилцож, зөвлөгөө өглөө. Мөн Цөмийн салбарын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, хөгжлийн чиглэлээр Японы Атомын энергийн агентлагийн Хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Сатоши Сакурай тусгайлан зөвлөгөө өгч ажилласан болно.
Тус сургалтад МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв, Хавдар судлалын үндэсний төв, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Геологийн төв лаборатори, Ашигт малтмал, газрын тосны газар, “Мон-Атом” ТӨХХК зэрэг 14 төрийн байгууллагын 20 гаруй албан хаагч оролцлоо.
Сургалтад хамрагдсан байгууллагуудаас мэдлэгийн менежментийн бодлого, стратеги, мэдлэгийн менежмент дэх хүний нөөц (ХН)-ийн асуудал, мэдлэгийн менежментийн сургалт ба цогц чадамжийн хөгжүүлэлт, мэдлэгийн менежментийг сайжруулах арга, үйл явц, баримтжуулалт, мэдлэгийн менежментийн техникийн шийдэл, мэдлэгийг олж авах-дамжуулах арга зам, мэдлэгийн менежментийг дэмжих байгууллагын соёл, мэдлэгийн менежмент дэх дотоод, гадаад хамтын ажиллагаа зэрэг найман үзүүлэлтээр өөрийн үнэлгээ хийлгэж, түүнд дүн шинжилгээ хийж, Монгол улсад цаашид мэдлэгийн менежментийн тогтолцоог хөгжүүлэх зөвлөмж өгсөн.
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН АЖЛЫН АЛБА