Хяналт шалгалт ба хариуцлага хүлээлгэх тогтолцоо сэдэвт азийн бүсийн семинар зохион байгуулагдаж байна
Манай Улс Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-ийн гишүүнээр 1973 онд 105 дахь гишүүн орон болж элсэн орсон.
ОУАЭА-ийн Техник хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж буй гишүүн орон бүртэй хамтын ажиллагааны дунд хугацааны (4-5 жил) стратегийг тодорхойлсон хөтөлбөр байгуулж, хэрэгжүүлдэг.
Цөмийн технологи нэвтрүүлэх, цацраг идэвхт ашигт малтмал, эрчим хүч, хүнс хөдөө аж ахуй, цөмийн шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал зэрэг чиглэлүүдийг хөгжүүлэх, бүс нутгийн улс орнуудын туршлагаас суралцах, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр 46 бүсийн төсөлд Монгол Улс оролцож байна.
ОУАЭА-ийн Техник хамтын ажиллагааны хүрээнд RAS 9089 Цацрагийн хяналтын дэд бүтцийг бэхжүүлэх төсөлд манай улс 2018 оны 01 дүгээр сараас хамрагдаж байна.
Дээрх төслийн хүрээнд ЦЭК-ын Ажлын алба нь ОУАЭА-аас цацрагийн үүсгүүрийн бүртгэл, хяналтын мэдээллийн систем (RAIS)-ийн серверийг хүлээн авч, ажиллагаанд оруулсан.
ОУАЭА-ийн Ази, Номхон далайн бүсийн орнуудын хяналтын байгууллагын мэдээллийн систем хариуцсан эксперттэй хамтран ОУАЭА-ийн цацрагийн үүсгүүрийн бүртгэл, хяналтын мэдээллийн системийн талаар мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж, цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчдын онол практикийн мэдлэг чадварыг дээшлүүлсэн.
Өнөөдөр бидний өмнө цацрагтай холбоотой үйл ажиллагаанд аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангуулах, хяналтыг олон улсын жишигт нийцүүлэн бэхжүүлэх, хууль эрх зүй, дүрэм журмыг олон улсын стандартад нийцүүлэн бүрдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж буй үед ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Хяналт шалгалт ба хариуцлага хүлээлгэх тогтолцоо” –сэдэвт семинар нь Монгол Улсад зохион байгуулагдаж буйгаар онцлог юм.
Семинар Улаанбаатар хотноо 11 дүгээр сарын 05-09-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, ОУАЭА болон зүүн өмнөд азийн бүсийн 10 орны 20 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Энэхүү арга хэмжээ нь хүн ам, байгаль орчин, цацрагтай ажиллагчдын цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангуулах, цацрагтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй байгууллагад үр дүнтэй хяналт хийх, зөрчлийг арилгуулах, хариуцлага хүлээлгэх, шийдвэр гаргахад зэрэглэсэн хандлагыг ашиглах арга зүйн талаар туршлага, чадвар олгохоос гадна, зүүн өмнөд азийн бүсийн орнуудын хяналт, хариуцлага хүлээлгэх тогтолцооны чиглэлээр харилцан туршлага солилцох, цаашид тогтолцоог сайжруулах, үр дүнтэй, үр нөлөө бүхий хариуцлага хүлээлгэх тогтолцоог бий болгоход чухал ач холбогдолтой байна.