Монгол Улс дэлхийн зах зээл дээр ураны нэг тоглогч болох боломжтой

Эрчим хүч бол хүн төрөлхтөний хөгжил дэвшилтэй холбоотой. Хэн хүчтэй вэ гэхээр эрчим хүчтэй айл л хүчтэй байсан. Тэр замаар явсаар хамгийн чухал зүйл одоо ч эрчим хүч хэвээр байна.

Цөмийн Энергийн Комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжавтай ярилцлаа.

Ерөнхийлөгч аравдугаар сард Франц улсад айлчилна. Францын ерөнхийлөгч Макрон өнгөрсөн тавдугаар сард Монголд айлчлах үеэр хоёр улсын төрийн тэргүүн “Цэвэр эрчим хүчний салбарт Францын хөрөнгө оруулалтыг дэмжих, нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар тохирлоо гэж мэдэгдсэн. Энэ дагуу Ерөнхийлөгч тус улсад айлчлах үед уран олборлох тухай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах болов уу гэсэн хүлээлт бий. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах чиглэлээр ажлын хэсэг ямар түвшинд ажиллаж байгаа бол? -Монгол Улсын Засгийн газраас Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Хөрөнгө оруулагч талтай хөрөнгө оруулалтын гэрээний хувилбарыг тохироод эцэслэх зорилготой ажлын хэсэг. Бид гэрээтэй холбоотойгоор дотоод, гадаадын хөндлөнгийн зөвлөх үйлчилгээ авч ажиллаж байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ маш их шүүмжлэл дагуулсан шүү дээ. Тиймээс хуулийн хүрээнд, харилцан ашигтай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахын төлөө ажиллаж байна. Ажлын хэсэг мөн гурван дэд ажлын хэсэгтэй. Дэд ажлын хэсэг нь санхүүгийн тооцоолол гаргах, хууль эрх зүй, байгаль орчин орон нутгийн асуудлаар гэсэн чиглэлүүдэд ажиллаж байна. -Хөрөнгө оруулалтын гэрээ хэрэв хүчин төгөлдөр болбол улс орны эдийн засагт ямар үр өгөөжтэй байх вэ? -Эдийн засгаа тэлэхэд Монголд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Уул уурхайн салбарт бол ордуудаа эргэлтэд оруулах нь чухал. Нөөц нь тогтоогдсон ордоо түшиглэн бүтээн байгуулалт явуулж, үйлдвэр ашиглалтад оруулахад их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдана. “Бадрах Энержи” ХХК нь Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөт ордыг ашиглах ТЭЗҮ- ээ 2015 онд батлуулсан бөгөөд одоо нэмэлт өөрчлөлт оруулж байна. Төслийн нийт хөрөнгө оруулалтыг 1.6 тэрбум доллар (үүнд эхний хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны хэвийн байдлыг хангахад шаардлагатай хөрөнгө оруулалтын зардлууд багтсан) байхаар тооцоолсон байна. Энэхүү төсөл нь уурхайн ашиглалтын 38 жилийн хугацаанд 70 орчим мянган тонн уран олборлох юм. Монгол улсын Төрийн өмчит “Мон-Атом” ХХК нь “Бадрах Энержи” ХХК-ийн нийт хувьцааны 34 хувийг эзэмшиж байна. Төслийн эдийн засгийн мэдээлэл нарийвчилан хараахан бүрэн болоогүй байна. Урьдчилсан байдлаар 700 гаруй ажлын байр бий болж, улсад ойролцоогоор 1 тэрбум долларын татвар төлөхөөр байгаа. Дээр нь уурхайг түшиглэсэн дэд бүтэц хөгжиж, орон нутгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна. -Ураны нөөц, үнийн талаар та мэдээлэл өгнө үү. Цаашид үнэ хэрхэн өөрчлөгдөхөөр байна? -“Бадрах Энержи” ХХК- ийн олборлолт явуулах Зөөвч Овоо орд нь дэлхийд сүүлийн 20 жилд илэрсэн 10 том ураны ордын нэг юм. ОУАЭА болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас хамтран гаргадаг ураны Улаан номонд дурдсан мэдээллээр 4 мянган тонноос дээш хэмжээтэй ордуудын тоогоор манай улс дэлхийд 10-т жагсаж байгаа жагсаалтын эхэнд АНУ, Австрали, ОХУ байдаг. Ураны хэрэгцээ дэлхий дахинд нэмэгдэж байгаа ба 2020 оны байдлаар хэрэгцээгээрээ АНУ-19 мянга, БНФУ-7.3 мянга, БНХАУ-7 мянган тонноор эхний 3-т жагсжээ. Олборлолтын тухайд 1945-2021 оны хооронд дэлхий дахинаа нийтдээ 3.1 сая тонн ураныг олборлосон. Сүүлийн жилүүдэд Казахстан, Австрали, Намиби, Канад олборлолтоороо толгой цохиж явна. Ер нь ураны хэрэгцээ жилд дэлхий дахинаа дунджаар 50-60 мянга орчим тонн байдаг ба цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэхийн хирээр энэ хэмжээ цаашид 2 дахин нэмэгдэх прогноз бий. Тиймээс манай улс энэ салбарт амжилт олох боломж байна. Фукушимагийн ослоос хойш 60 доллар хүртэл унаж байсан ураны зах зээлийн үнэ 2018 оноос алгуур өсөж эхэлсэн. Энэ 9 сарын байдлаар 1 килограмм нь 150 долларт хүрээд байна. Цаашид өсөх хандлагатай байгааг судлаачид, олон улсын судалгааны байгууллагууд мэдээлсээр байгаа.Уран бол стратегийн ач холбогдолтой түүхий эд юм. -Гэрээ баталгаажвал уран олборлолтыг хэрхэн явуулах вэ? -Францын хөрөнгө оруулалттай ”Бадрах Энержи” ХХК-ийн Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Зөөвч-Овоо, Дулаан- Уул, Өмнөт гэсэн 3 талбайгхамарсан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. “Бадрах Энержи” ХХК нь Зөөвч-Овоо ордын туршилтын газар доор уусган олборлох олборлолтыг 2021 оны 07 дугаар сараас Зөөвч- Овоо туршилтын үйлдвэрт гүйцэтгэж, 2023 оны 05 дугаар сарын байдлаар нийт 10.4 тонн уран агуулсан 27.5 тонн ураны баяжмал “аммонийн диуранит” гарган авч тусгай зөвшөөрлийн талбайд хадгалж байна. Зөөвч-Овоо төслийн талбайд “Бадрах Энержи” ХХК нь 2017 оноос үйлдвэрлэлийн туршилтын ажлыг хийхээр бэлтгэж эхэлсэн бөгөөд 2021 оноос эхэлсэн энэхүү туршилтын үр дүнгээс хамаарч 2 ордыг бүрэн хэмжээнд ашиглах техникийн үзүүлэлтүүд тодорхой болсон. “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-д ураныг хүдрээр гаргахгүй гэж тусгасан. Тиймээс өртөг шингээн манай улс шар нунтаг гаргана. Ураны хүдрийг боловсруулах үйлдвэрт баяжуулснаар 80% орчим уран агуулсан исэл (U3O8) буюу шар нунтаг гарган авна. Гаргаж авсан ураны исэл нь уусгагч уусмал, хатаалтын хэмээс хамаарч шар, улбар шар, хар ногоон, хар бараан өнгөтэй байдаг. Эрт үед ураныг олборлоход харагдаж байсан өнгө, шинж чанартай нь холбон “шар нунтаг” хэмээн нэрлээд заншсан. Зөөвч-Овоо ордыг бүрэн хүчин чадлаар нь олборловол жилд 2500- 3000 тонн уран гаргана. Энэ хэдийгээр том тоо биш ч Монгол Улс дэлхийн зах зээл дээр уран борлуулдаг нэг тоглогч болох боломж бий. Дэлхий дахинд ураны үйлдвэрлэлийн циклд 50 гаруй улс оролцож байгаа бөгөөд нийт 5234 ураны орд бүртгэгдсэн байна. Мэдээж эдгээр улс орнууд ураны үйлдвэрлэлийг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл багатайгаар явуулах тогтолцоог бий болгосон байх шаардлагатай. Монгол Улсын хувьд 2015-2022 онд Газрын дор хүчлээр уусган уран олборлох техникийн зохицуулалт болон Цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх дүрмийг Засгийн газар баталсан. Мөн Цацрагийн аюулгүйн норм, Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм, Хүдрийн олборлолт боловсруулалтаас үүсэх цацраг идэвхт хаягдлын менежментийн дүрэм, Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул судалгааны цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм, Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг Цөмийн энергийн комисс батлан гаргасан. Бид цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулахад шаардлагатай үндэсний дүрэм, журам, стандарттай болсон. -Манай улсад ураны нөөц ямар түвшинд судлагдсан байдаг вэ. Зөөвч-Овоо орд ураны хэдий хэмжээний нөөцтэй бол? -БНФУ-ын төрийн өмчит Орано групп нь цацраг идэвхт ашигт малтмалын чиглэлээр манай улсад 1996 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөт гэсэн 3 орд (105 орчим мянган тонн ураны геологийн нөөц бүхий)-ийг илрүүлж, “Бадрах Энержи” ХХК нь цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын 3 тусгай зөвшөөрлийг 2015 оноос хойш 20 жилийн хугацаатай эзэмшин, үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын эрдэс баялгийн зөвлөлд бүртгэлтэй 192 мянган тонн уран бий. Бид ураны хайгуулыг өргөжүүлвэл нөөц цаашид 1 сая тоннд хүрч нэмэгдэх бүрэн боломжтой. -Цөмийн эрчим хүчний давуу тал нь юу вэ. Манай улс цөмийн эрчим хүчийг ашиглах талаар судалж байв уу? -Цөмийн эрчим хүчний давуу тал нь нүүрс болон байгалийн хийтэй харьцуулахад хүлэмжийн хий ялгаруулдаггүй, богино хугацаанд бага хэмжээний түлшээр их хэмжээний эрчим хүч гаргадаг, цаг улирлаас үл хамааран эрчим хүчээр найдвартай хангах чадвартай, баригдаж дууссаны дараа ашиглалтын урсгал зардал нь харьцангуй бага. 2009 онд Цөмийн энергийн тухай хуулийг баталсан. Мөн 2009 онд төрөөс Цацраг идэвхт бодисыг ашиглах, төрөөс баримтлах бодлогыг баталж, энэ бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөртөө цацраг идэвхт ашигт малтмалын батлагдсан нөөцийг нэмэгдүүлэх, ураныг эдийн засгийн эргэлтэд оруулж, үргэлжлүүлэн цөмийн эрчим хүчний чиглэлд судалгааг гүнзгийрүүлэх зорилт дэвшүүлсэн. Фукушимагийн ослоос өмнө Цөмийн эрчим хүч ашиглах талаар судлахаар тодорхой ажлууд хийгдэж эхэлж байсан ч ослын дараагаар зогссон юм. Одоо уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний тасралтгүй өсөж буй хэрэгцээг хангах зорилгоор улс орнууд цөмийн эрчим хүчийг ихээр сонирхох болсон. Манай улс ч мөн адил цөмийн эрчим хүчний талаарх бодлогоо тодорхой болгох зорилгоор Эрчим хүч, Боловсрол шинжлэх ухаан, Уул уурхайн сайд нарын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. -Ямар шалтгааны улмаас зогсонги байдалд орсон хэрэг вэ? -2011 онд Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцын осол болсон. Осолтой холбоотойгоор улс орнууд цөмийн хөтөлбөртөө дахин засвар хийх, аюулгүй ажиллагааны техникийн шаардлагаа өндөрсгөсөн. Тэр дагуу дэлхий дээр ажиллаж байсан 480-аад цөмийн реакторуудад шалгалт хийсэн. Зарим реакторыг хааж, аюулгүй ажиллагааг нь өндөржүүлсэн. Үүний үр дүнд цөмийн станцын аюулгүй байдал өндөр түвшинд хүрсэн. Аюулгүй байдлыг өндөржүүлэхийн хэрээр өртөг нэмэгдэнэ. Финляндын EPR реактортой цөмийн станц 15 жилийн дараа энэ сарын эхээр л ашиглалтанд орж байна. Шинээр баригдах станцуудын өртөг 10-15 хувиар нэмэгдсэн. Сүүлийн жилүүдэд 3+ үеийн станцуудыг барьж байна. Фүкүшимагийн реактор бол 1970-аад оны эхэн үеийн 2-р үеийн станц байв. Одоо бол хүнээс хамааралгүй, техникийг давхар хянадаг автоматжуулсан станцууд ажиллаж байна. Хамгийн орчин үеийн буюу IV үеийн цөмийн энергийн станцууд эдийн засгийн өндөр үр ашигтай, аюулгүй ажиллагаа сайжирсан, осол болсон ч цацраг идэвхт бодис орчинд тархаахгүй байдлаар загварчлагдсан, хаягдал бага үүсгэдэг гэх мэт олон давуу талтай болсон. -Уран олборлолтоор аль улс тэргүүлж байна вэ? -Уранаа экспортлосон улс цөмийн хаягдлыг буцаан авах ёстой гэсэн тайлбарыг зарим хүмүүс хэлж байсан. Энэ тал дээр тайлбар өгнө үү. -Дэлхий дахинд 2021 оны байдлаар жилд 48.3 мянган тонн уран олборлосон. Сүүлийн 10-аад жилд олборлолтоороо Казахстан улс тэргүүлж байна. Казахстаны жилд олборлож байгаа ураны хэмжээ 21 мянган тонн, 2-рт Австрали, 3-рт Намиби улс орж байна. Цөмийн түлшний цикл нь уурхайгаас уран олборлох, хувиргах, изотолын баяжуулалт хийх, түлш үйлдвэрлэх, реакторд цөмийн гинжин урвал явуулж эрчим хүч үйлдвэрлэх, ашигласан түлшийг дахин боловсруулах, хаягдлын менежмент хийх гэсэн дарааллаар явагддаг. Шар нунтагаас цааших дамжлагыг АНУ, ОХУ БНХАУ, БНФУ, Япон зэрэг өндөр технологитой цөөн улсууд гүйцэтгэдэг. Цөмийн эрчим хүчний станцаас гарсан ашиглагдсан түлш, мөн ашигласан түлшийг дахин боловсруулахад үүссэн хаягдлыг шар нунтаг экспортлосон улс оронд буцаах олон улсын зохицуулалт хаана ч байхгүй, хэзээ ч байгаагүй. Энэ асуудалд цэг тавьж, буруу ташаа мэдээлэл түгээдэг иргэд, төрийн бус байгууллагын нөхдөд тайлбарлах зорилгоор өнгөрсөн 6 сард ОУАЭА-ийн хуулийн мэргэжилтнүүдтэй хамтран манай Ажлын алба сургалт хүртэл хийсэн. -Монгол Улс цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэхтэй холбоотой олон улсын ямар гэрээ, хэлэлцээрт нэгдэн орсон байдаг вэ? -Монгол Улс Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд 1969 онд, Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээтэй холбогдуулан баталгаа хэрэглэх тухай хэлэлцээрт 1972 онд, Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээтэй холбогдуулан баталгаа хэрэглэх тухай Монгол Улсын Засгийн газар, Олон улсын атомын энергийн агентлагийн хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт протоколд 2003 онд тус тус нэгдэн орсон. Эдгээр гэрээ хэлэлцээрт орсноор Монгол Улс цөмийн материалыг энхийн зорилгоор ашиглах үйл ажиллагаандаа цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааг хүлээн авч, цөмийн материалын тоо хэмжээ, байршил, шилжилт хөдөлгөөн, цөмийн судалгаа хөгжүүлэлтийн үйл ажиллагааны тухай мэдээллийг ОУАЭА-т гэрээнд заасан хугацаанд хүргүүлэх, Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээтэй холбогдуулан баталгаа хэрэглэх тухай гэрээнд нэгдэж ороогүй улс орнуудад цөмийн материалыг дамжуулахгүй байх үүрэг хүлээдэг. Мэдээллийг буруу гаргаж өгсөн тохиолдолд ОУАЭА-ийн байцаагчид тухайн улсад очиж хяналт, шалгалт хийх бүрэн эрхтэй. Байцаагчдыг шалгалт хийх обьектэд саадгүй нэвтрүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах үүрэгтэй байдаг. -Манай улс цөмийн технологийг аль салбарт түлхүү ашиглаж байна вэ? -Монголд цөмийн технологийг эрүүл мэнд, оношилгоо, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, уул уурхай, аж үйлдвэр зэрэг салбарт ашиглаж байна. Эх сурвалж: The Mongolian Mining Journal