ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГИЙН БАТАЛГААНЫ БАЙЦААГЧ НАР МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАА

Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-ийн Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны газрын байцаагч нар 2025 оны 09 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд манай улсад ажиллаж, Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Изотоп контор, Дозиметрийн тохируулга, баталгаажуулалтын лаборатори, Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ, МУИС-ын Цөмийн физикийн судалгааны төв зэрэг байгууллагад цөмийн материалын хяналт, шалгалтыг хийлээ.

Монгол Улс 2024 онд ОУАЭА-ийн Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон баталж, анхны тайланг хүргүүлсний дагуу тус протоколд нэгдэн орсон улс орнууд ОУАЭА-аас баталгааны байцаагч нарын томилон анхны тайланд тодорхойлсон цөмийн материалын байршил, бүртгэл тооллогод биет хяналт, шалгалтыг хийж гүйцэтгэдэг.

Цөмийн энергийн комисс нь Цөмийн энергийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасны дагуу цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон Монгол Улсын олон улсын гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах үүрэгтэй.

Манай улс цөмийн байгууламжгүй хэдий ч бага хэмжээний цөмийн материалтай улсын хувьд Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд нэгдэн орсноор өөрийн онцлог, нөхцөл байдалд тохирсон цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааг хэрэгжүүлэх, улмаар цөмийн материалын ашиглалт, хэрэглээнд үр дүнтэй хяналт тавих, цөмийн аюулгүй байдлын баталгааг гүйцэтгэх, хянах техникийн чадавхыг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, цөмийн материалын хяналтын тооллогын улсын системийг бий болгох чиглэлээр ОУАЭА-ийн зөвлөх үйлчилгээ авах, дадлагажуулах хөтөлбөрт хамрагдах, цөмийн эрчим хүчний хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, цөмийн технологийн энхийн хэрэглээг дэмжих зэрэг ач холбогдолтой юм.