БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ.
Монгол Улсын Цөмийн энергийн комиссын Ажлын алба Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Коринн Пэрера тэргүүтэй төлөөлөгчдийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, цөмийн энергийн салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй санал солилцов.
Уулзалтаар Монгол Улсын Цөмийн энергийн комисс (ЦЭК) болон Францын Атомын энерги, сэргээгдэх эрчим хүчний комиссариат (CEA) хооронд 2015 онд байгуулсан “Цөмийн шинжлэх ухаан, технологийн салбарт боловсрол, сургалт хөгжүүлэхэд хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн хэрэгжилтийн явц, цаашдын боломж, шаардлагын талаар харилцан мэдээлэл солилцов.
Талууд хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, ялангуяа 2015 оны хэлэлцээрийг шинэчлэн солилцох, цөмийн шинжлэх ухаан, технологи, цөмийн эрчим хүч, хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлд харилцан дэмжлэгтэйгээр ажиллахаар тохиров.
Уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (АҮЭБЯ), Монгол Улсын их сургууль (МУИС), Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС)-ийн төлөөлөл оролцож, цөмийн энергийн салбарт мэргэшсэн хүний нөөц бэлтгэх үйл явц, хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах чиглэлээр хийж буй ажлын талаар мэдээлэл танилцуулав.
Мөн түүнчлэн энэ жил Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буйг тохиолдуулан хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг эцэслэн, батлуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд онцгой ач холбогдол өгч байгаагаа илэрхийллээ.



