“ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА-NEPIO, УРЬДЧИЛСАН ТЕХНИК-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ БОЛОН НЭГДСЭН ЦОГЦ ТАЙЛАН БОЛОВСРУУЛАХ” СЭДЭВТ ҮНДЭСНИЙ СЕМИНАР

Монгол Улс эрчим хүчний хангамжаа олон төрлийн эх үүсвэрээс хангах, ялангуяа эрчим хүчний дутагдлыг арилгах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд ногоон эрчим хүч ашиглах зэрэгт цөмийн эрчим хүчийг ашиглах боломжийн талаар хэлэлцэж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Цөмийн эрчим хүч ашиглах бодлого хэрэгжүүлж, суурь судалгааг хийнэ” гэж тусгаад байгаа билээ.
Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Цөмийн эрчим хүчийг ашиглах ашиглах боломжийг судлах болон цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг бэхжүүлэх” сэдэвт төслийг энэ оноос эхлэн 2 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд ОУАЭА-ийн экспертүүд хүрэлцэн ирж, Цөмийн энергийн комисс зохион байгуулж буй “Цөмийн эрчим хүчний дэд бүтцийн асуудлууд: “Цөмийн эрчим хүчний хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллага-NEPIO, урьдчилсан техник-эдийн засгийн үндэслэл болон нэгдсэн цогц тайлан боловсруулах” сэдэвт үндэсний семинарт оролцон мэдээлэл хийж байна.
Тус семинарын зорилго нь цөмийн эрчим хүчний хөтөлбөр гэж юу вэ, цөмийн эрчим хүчийг ашиглахад улс орнууд дэд бүтцийн 19 асуудлыг хэрхэн хангах, ялангуяа Засгийн газрын үүрэг, хариуцлага, санхүүжилт, эрчим хүчний төлөвлөлт, стратегийг хэрхэн боловсруулах, оролцогч талуудын үүрэг хариуцлага, урьдчилсан ТЭЗҮ бэлтгэхэд анхаарах асуудал зэрэг олон асуудлыг Турк, Йордан улсын туршлага дээр тулгуурлан манай улсын мэргэжилтэн, албан хаагчид, шийдвэр гаргагчдад мэдээлэл өгөхөд оршиж байна.
Тус арга хэмжээнд манай улсын эрчим хүч, цөмийн энергийн салбарын төр ба хувийн хэвшлийн 13 байгууллагын энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэн мэргэжилтэн 27 төлөөллөгч оролцож байна.