Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтийн тухай

1956 онд тэр үеийн социалист 11 улс атом, цөмийн тулгуур судалгаа хийх, атомын энергийг энх тайвны төлөө ашиглах зорилгоор Дубна хотод олон улсын Засгийн газар хоорондын байгууллага - Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ)-ийг үүсгэн байгуулсан түүхтэй.

Өнөөдөр ЦШНИ нь 15 гишүүн орон, Засгийн газрын түвшний хамтын ажиллагааны гэрээтэй 5 улсаас гадна дэлхийн 74 улсын 1000 гаруй их сургууль, эрдэм шинжлгээний байгууллагатай хамтын ажиллагаатай.

ЦШНИ-ийн 4500 ажилтны 1200 гаруй нь эрдэм шинжилгээний ажилтан бөгөөд тэдний 260 гаруй нь шинжлэх ухааны доктор (Sc.D), 570 орчим нь доктор (Ph.D) зэрэгтэй эрдэмтэд, судалгаа-хөгжүүлэлтийн ажилд хамааралтай 2000 орчим инженер-техникийн ажилтан байдаг.

ЦШНИ-д явагддаг эрдэм шинжилгээний чиглэл өргөн бөгөөд ерөнхийд нь эгэл бөөмийн физик, цөмийн физик, нягтарсан орчны физик гэсэн 3 үндсэн чиглэлд хуваадаг ба зохион байгуулалтын хувьд 7 том лабораторитой.

Цөмийн физикийн нээлт, шинэ бүтээлийг аварга том хурдасгагч, нарийн хэмжин тооцоолох суурь төхөөрөмжүүдтэй байж хийх нь ойлгомжтой. Тийм ч учраас олон улс орон нэгдэж хамтын хүчээр материйн нууцыг тайлахаар олон жил тасралтгүй тогтвортой хамтран ажиллаж байгаа юм. ЦШНИ-ийн эрдэмтэд, инженер техникийн ажилтнууд дэлхийд хосгүй аварга төхөөрөмжүүд зохион бүтээж ирсэн.

ЦШНИ-ийн 15 гишүүн-улс: Азербайжан, Армен, Беларусь, Болгар, Вьетнам, Гүрж, Египет, Казахстан, Куба, Монгол, ОХУ, Румын, Словак, Узбекстан, БНАСАУ. Мөн засгийн газрын түвшинд байгуулсан хоёр талт хэлэлцээрийн дагуу хамтран ажилладаг холбоот гишүүн (associated member) Герман, Итали, ӨАБНУ, Серби, Унгар 5 улс байдаг.

ЦШНИ-ийн олон улсын хамтын ажиллагаа гишүүн улсуудаараа хязгаарлагдахгүй маш өргөн. Тус институт дэлхийн 74 орны 1000 гаран шинжлэх ухааны төв, их дээд сургууль, үйлдвэрлэл аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж шинжлэх ухааны хөтөлбөрөө хэрэгжүүлдэг.

ЦШНИ нь Европын хэд хэдэн шинжлэх ухааны байгууллагад ажиглагчийн статустай бөгөөд ялангуяа Европын Судалгааны дэд бүтцийн стратегийн форум (ESFRI)-ын физик, инженерийн шинжлэх ухааны стратегийн ажлын хэсэгт багтдаг. Түүнчлэн Астробөөмийн физикийн европын консорциум (APPEC)-ын гишүүн юм. 2014 онд Европын цөмийн судалгааны байгууллага (CERN)-тай харилцан ажиглагчийн статустай болсон. Саяхнаас ЦШНИ Европын цөмийн физикийн хамтын ажиллагааны хороо (NuPECC)-нд өөрийн төлөөлөгчтэй болсон.

Мөн тус институт нь Олон улсын атомын энергийн агентлаг (IAEA), Нэгдсэн үндэстний боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (UNESCO), Европын физикийн нийгэмлэг болон Триест дахь Олон улсын онолын физикийн төв (ICPT)-тэй нягт холбоотой ажиллаж байна.

Жил бүр түнш байгууллагуудын мянга гаруй эрдэмтэд Дубнад зочилж, судалгаа шинжилгээ явуулдаг бөгөөд Институт нь олон улсын хэмжээнд шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны харилцан ашигтай асар их туршлагыг хуримтлуулсаар байна.

ЦШНИ-ийн Сургалт-судалгааны төв нь гишүүн улсуудынхаа оюутан, залуу судлаач, ахлах сургуулийн сурагчид, багш нарт зориулсан зуны сургалтууд зохион байгуулах хэлбэрээр цөмийн физик, технологийн салбарын хойч үеийнхээ хүний нөөцийг бэлтгэхэд ихэд анхаарч ажилладаг юм.

ЦШНИ-ийн суурь төхөөрөмж, төслүүдийн тухай видео танилцуулга, нэрт эрдэмтдийн илтгэл, лекцүүдийг дараах хаягаар орж үзнэ үү?

https://nea.gov.mn/news_detail/3jERQ1668QRgjAFkQA1Vst http://www.jinr.ru/about-en/

Other integrated institute of nuclear research- 65th anniversary