Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн тухай

Цөмийн шинжилгээний нэгдсэн институт ба монгол улсын хамтын ажиллагаа

1956 онд тэр үеийн социалист 12 орон атом, цөмийн тулгуур судалгаа хийх, атомын энергийг энх тайвны төлөө ашиглах зорилгоор Дубна хотод олон улсын Засгийн газар хоорондын байгууллага - Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ)-ийг үүсгэн байгуулсан түүхтэй тус Институтийн 65 жилийн ой энэ онд тохиож байна.

Өнөөдөр ЦШНИ нь 18 гишүүн орон, Засгийн газрын түвшний хамтын ажиллагааны гэрээтэй 6 улсаас гадна сонирхсон бүх улс орнуудад нээлттэй, харилцан ашигтай хамтран ажиллах зарчим баримтлан үйл ажиллагаагаа явуулж байна. ЦШНИ-ийн 4500 ажилтны 1200 гаруй нь эрдэм шинжилгээний ажилтан бөгөөд тэдний 260 гаруй нь шинжлэх ухааны доктор (Sc.D), 570 орчим нь доктор (Ph.D) зэрэгтэй эрдэмтэд, судалгаа-хөгжүүлэлтийн ажилд хамааралтай 2000 орчим инженер-техникийн ажилтан байдаг.

ЦШНИ-д явагддаг эрдэм шинжилгээний чиглэл өргөн бөгөөд ерөнхийд нь эгэл бөөмийн физик, цөмийн физик, нягтарсан орчны физик гэсэн 3 үндсэн чиглэлд хуваадаг ба зохион байгуулалтын хувьд 7 том лабораторитой.

Цөмийн физикийн нээлт, шинэ бүтээлийг аварга том хурдасгагч, нарийн хэмжин тооцоолох суурь төхөөрөмжүүдтэй байж хийх нь ойлгомжтой. Тийм ч учраас олон улс орон нэгдэж хамтын хүчээр материйн нууцыг тайлахаар олон жил тасралтгүй тогтвортой хамсран ажиллаж байгаа юм. ЦШНИ-ийн эрдэмтэд, инженер техникийн ажилтнууд дэлхийд хосгүй аварга төхөөрөмжүүд зохион бүтээж ирсэн.

ЦШНИ ба Монгол улсын хамтын ажиллагаа

Монгол улсад орчин үеийн физик, математикийн салбарын үндэсний дээд мэргэжилтэй боловсон хүчинг МУИС-д 1942 оноос бодлоготойгоор бэлтгэж эхэлсэн ба улмаар залуу багш нараа өндөр түвшний судалгааны ажилд оролдцуулж нарийн мэргэшүүлэхээр Н.Содном, Д.Түвдэндорж, Н.Далхжав, Д.Чүлтэм, Б.Далхсүрэн нарыг ЦШНИ-д томилон ажиллуулсан байдаг.

Монгол улс ЦШНИ-ийг байгуулалцсан анхны гишүүн орон төдийгүй ЦШНИ-ийн удирдлагад сонгогдон, институтийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн юм. Академич Н.Содном ЦШНИ-ийн дэд захирлаар, профессор Д.Чүлтэм, академич Д.Сангаа, академич О. Чулуунбаатар нар Лабораторийн орлогч захирлаар ажиллахдаа тухайн салбартаа олон улсын хамтын ажиллагааг өргөтгөх, судалгааны тоног төхөөрөмж, хэмжилтийн аргазүйг шинэчлэх, боловсронгуй болгох талаар идэвх санаачилгатай ажиллаж байв. Одоо тус Институтийн Эрдмийн зөвлөлийн гишүүнээр академич Ц.Баатар, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Г.Хүүхэнхүү нар, Нягтарсан орчны физикийн Зөлөлдөх хорооны гишүүнээр академич Д.Сангаа нар сонгогдон ажиллаж байна.

Монгол улс ЦШНИ-ийн үйл ажиллагаанд нь тогтмол идэвхтэй оролцож ирснээр манай улсын физик-математикийн шинжлэх ухааны хөгжилд үзүүлсэн нөлөө, ач холбогдлыг дурдъя:

А. Бэлтгэгдсэн боловсон хүчний талаар:

  • Монголын залуус олон улсын түвшний судалгааны лабораторид ажиллаж нарийн мэргэшсэн эрдэм шинжилгээний хүний нөөц бэлтгэгдсэн. Өнгөрсөн хугацаанд манай улсаас 100 гаруй ажиллаж нарийн мэргэшсэн эрдэм шинжилгээний ажилтан ЦШНИ-д урт хугацаагаар томилогдон ажиллаж, 50 орчим хүн дэд эрдэмтний (PhD), 9 хүн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг хамгаалжээ.

  • ЦШНИ-д ажиллаж бэлтгэгдсэн академич Х.Намсрай, Б.Чадраа, Т.Жанлав, О.Чулуунбаатар нар төрийн соёрхол хүртсэн.

  • Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгч нараас 3 (Ч.Цэрэн, Н.Содном, Б.Чадраа), МУИС-ийн 3 захирал (Н.Содном, Ц.Ганцог, С.Даваа), Улсын багшийн их сургуулийн захирал (О.Отгонсүрэн) зэрэг хүмүүс ЦШНИ-д ажиллаж бэлтгэгдсэн эрдэмтэд юм.

  • Мөн Дээд боловсролын хорооны дарга, Ардын боловсролын яамны орлогч сайд, МУИС-ийн проректор, декан, тэнхмийн эрхлэгч, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, хүрээлэнгийн захирал гэх мэт олон хүн ЦШНИ-д ажиллаж байсан хүмүүс билээ.

Б. Монгол Улсад үүсч хөгжсөн ЦШНИ-ээс эхлэлтэй шинжлэх ухааны чиглэлүүд:

  • Квант оронгийн онол, эгэл бөөмсийн онолын судалгаа (акад. Х.Намсрай)

  • Их энергитэй бөөм, цөмийн харилцан үйлчлэлийн судалгаа (акад. Ц.Баатар, акад. Р.Тогоо).

  • Цөмийн аналитик аргазүй боловсруулалт (акад. Н.Содном, проф. О.Отгонсүрэн, проф. Ш.Гэрбиш)

  • Цөмийн урвалын онол (акад. Ч.Цэрэн, доктор З.Омбоо)

  • Цөмийн бүтцийн судалгаа (проф. Д.Чүлтэм, проф. Б.Далхсүрэн)

  • Нейтроноор явагдах цөмийн урвалын судалгаа (проф. Г.Хүүхэнхүү).

  • Судалгааны реакторын аюулгүй байдлын үнэлгээ (акад. Б.Чадраа)

  • Хатуу бие, материал судлал ( акад. Д.Сангаа)

  • Тооцон бодох математик (акад. Т.Жанлав, акад. О.Чулуунбаатар)

  • Туршилтын автоматжуулалт (акад. Л.Дорж, доктор Б.Нэргүй)

  • Цацрагийн биологийн загварчлал (проф. О.Лхагва)

В. Монгол Улсад үзүүлсэн материаллаг тусламж:

ЦШНИ-ээс Монгол улсад судалгааны лаборатори, суурь төхөөрөмж байгуулах тусламж авсан.

v  1961 онд ШУА-д их энергийн физикийн лаборатори,

v  1965 онд МУИС-д ЦШНИ-д үйлдвэрлэсэн нейтроны хурдасгагч генератор,

v  1977 онд МУИС-д Минск-22 электрон машин бүхий тооцон бодох лаборатори,

v  1978 онд Унгарт үйлдвэрлэсэн нейтроны генератор,

v  1992 онд МУИС-д ЦШНИ-д бүтээсэн электроны цикл хурдасгагч - Микротроны лаборатори зэрэг байгуулсан.

Г. Бусад салбарт үзүүлсэн нөлөө, тусламж:

            Монгол улсад цөмийн физикээс гадна материал судлал, цөмийн электроник, компьютер, програмчлал, хэрэглээний математикийн чиглэлийн судалгаа хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тухайлбал:

-       Цөмийн электроник, дижитал техникээр мэргэшсэн манай физикч, инженерүүд уул уурхай, хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний чанарыг цөмийн физикийн аргаар шуурхай тодорхойлох микропроцессорын удирдлагатай төхөөрөмж зохион бүтээж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна.

-       1960-аад онд комьютерийн программын чиглэлээр бэлтгэгдсэн Б.Жаргал, Д.Цэдэндамба нар МУИС-ийн математикийн ангийн оюутнаас программ зохиогчдыг анхлан сургаж эхэлсэн түүхтэй.

Д. Хамтын ажиллагаа өнөөдөр:

Өнөөдрийн байдлаар манай улсын их сургууль, эрдэм шинжилгээний 10-аад байгууллагын 60 орчим судлаач онолын физик, их энергийн физик, нейтроны физик, радиобиологи, материал судлал, цөмийн аналитик арга, тооцон бодох математик, компьютерийн ухаан зэрэг чиглэлээр ЦШНИ-ийн 16 сэдэвт судалгааны ажилд оролцож байна. Одоо 10 ажилтан удаан хугацааны томилолтоор ажиллаж байгаа төдийгүй жилд 10 орчим хүн 3 сарын томилолтоор, арав гаруй хүн богино хугацааны томилолтоор ЦШНИ-д ажиллаж байна.

Ийнхүү шинжлэх ухааны өлгий Дубна хот монголчуудад эрдмийн үр шимээ одоо ч өгч байгаа талаар ЦШНИ байгуулагдсны 65 жилийн ойн босгон дээр товчхон дуулгахад таатай байна.

Профессор С.Даваа

Академич Д.Сангаа