“ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН ОСЛЫН БЭЛЭН БАЙДАЛ” СЭДЭВТ ДАГАЛДАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
                                
Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Японы атомын энергийн агентлагтай хамтран “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн дагалдах сургалтад Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Дотоодын цэргийн 05-р анги, Үндэсний Батлан Хамгаалах Их Сургууль, Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв, Цөмийн физикийн судалгааны төв, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Хавдар судлалын үндэсний төв, “Оюу толгой” ХХК, “Радиашн контрол менежмент” ХХК, зэрэг 13 байгууллагын 14 албан хаагч хамрагдлаа.
                                                                                                                                                              Сургалтын зорилго нь цацрагийн ослын бэлэн байдлыг хангуулах, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх холбогдох төрийн байгууллагуудын албан хаагч нарт цөмийн болон цацрагийн ослын нөхцөлд ажиллах, хариу арга хэмжээ авах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, хамгаалалтыг сайжруулах, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэг олгох, Япон Улсын цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар туршлага судлахад оршиж байлаа.
Энэхүү сургалтаар Цацрагийн тухай үндсэн ойлголт, Цацрагийн биологийн үйлчлэл, Цацрагийн ослын үеийн ажиллагчдын хамгаалалт, Монгол улсад Цөмийн технологийн хэрэглээ, Дотоод шарлагын тунг үнэлэх, MONDAL-3 ашиглан тунгийн тооцоолол хийх, Япон Улсын цөмийн ослын бэлэн байдал, дасгал сургуулилт Монгол Улсын ослын бэлэн байдал хариу арга хэмжээ, Цацрагийн хэмжилтийн багаж хэрэгсэл, түүний ажиллах зарчим зэрэг сэдвээр хичээл орж, цацрагийн хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөх, цацрагийн хэмжилтийн багаж тоног төхөөрөмжтэй ажиллах, цацрагийн ослын нөхцөлд хариу арга хэмжээг төлөвлөх, төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээг авах болон холбогдох байгууллагуудын үүрэг оролцоог сайжруулах талаар дасгал, сургуулилтыг хийж гүйцэтгэлээ.
                                                                                                                                                              Монгол Улсад зохион байгуулж буй энэхүү дагалдах сургалт нь Япон Улсад “Сургагч багш бэлтгэх сургалт”-д хамрагдсан судлаач, багш, мэргэжилтнүүд өөрийн олж авсан мэдлэгээ бусдад түгээх боломж олгож байгаагаас гадна салбарын хүний нөөц бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.
                                                                                                                                                              
                                                                                                            
                


