“УРАНЫ УУРХАЙ БОЛОН БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ ЦАЦРАГ ИДЭВХТ МАТЕРИАЛТАЙ ХОЛБООТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХ НЬ” сэдэвт үндэсний сургалтыг зохион байгуулав.
                                
Цөмийн энергийн комисс (ЦЭК)-ын Ажлын алба нь Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-тай хамтран “УРАНЫ УУРХАЙ БОЛОН БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ ЦАЦРАГ ИДЭВХТ МАТЕРИАЛТАЙ ХОЛБООТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХ НЬ” сэдэвт үндэсний сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 27-31-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Монгол Улс 1973 онд Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн гишүүнээр элссэнээс хойш Техникийн хамтын ажиллагааны хүрээнд цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, хүн амын эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, цацрагийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлын дэд бүтцийг хөгжүүлэх, цөмийн анагаах ухаан, оношилгоо, эмчилгээ, лабораторийн чадавхийг бэхжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх зэрэг олон чиглэлд тус агентлагтай нягт, найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлсээр ирсэн. Энэхүү үндэсний сургалт нь ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны МОН2010 төслийн хүрээнд зохион байгуулагдав.
Монгол Улсын Засгийн газар болон Цөмийн энергийн комисс нь олон улсын жишигт нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж ирсэн. Үүний хүрээнд 2024 онд ОУАЭА-ийн SSG-60 баримт бичигт тулгуурлсан “Байгалийн гаралтай цацраг идэвхт материалтай холбоотой үйл ажиллагаанд цацрагийн мониторинг хийх журам”-ыг батлан хэрэгжүүлж эхэлсэн нь манай улсын цацрагийн аюулгүй ажиллагааны тогтолцоог бэхжүүлэх чухал алхам болсон юм.
Үндэсний сургалтын гол зорилго нь уран, газрын ховор элемент, байгалийн хий, холимог металл, газрын тосны олборлолт, боловсруулалт, дулааны цахилгаан станцын үнс зэрэг байгалийн гаралтай цацраг идэвхт материалтай холбоотой үйл ажиллагаанаас үүсэх цацрагийн шарлагыг зөв үнэлэх, цацрагийн хамгаалалт ба аюулгүй ажиллагааг хангах, цацраг идэвхт хаягдлын менежмент, байгаль орчны мониторинг, нөхөн сэргээлт, зэрэг асуудлаар ОУАЭА-ийн экспертүүдийн зөвлөмж, олон улсын сайн туршлагыг судлан суралцахад оршсон.
Энэхүү үндэсний сургалтын хүрээнд Цөмийн энергийн комиссын Ажлын алба болон ОУАЭА-ийн экспертийн багаас үндэсний сургалтад оролцогч нарт Монгол Улс дахь уран болон байгалийн гаралтай цацраг идэвхт материалын хаягдал үүсгэж буй үйлдвэрлэл, Ураны задралын цуврал дахь цацраг идэвхт изотопуудын онцлог шинж, цацрагийн хамгаалалт, хяналт, шалгалтын ерөнхий арга зүй, гамма цацраг, радон ба радоны задралын бүтээгдэхүүн, урт настай цацраг идэвхт тоосонцор, гадаргуугийн бохирдол, дотоод болон гадаад шарлагаар өртөх тусгай шарлагын замууд, усны мониторинг, газрын ховор элементийн хайгуул ба боловсруулах үйл ажиллагаа, уран, газрын тосны хайгуул ба боловсруулах үе шатууд, газрын тосны боловсруулалтын үйлдвэрлэлээс үүсэх байгалийн гаралтай цацраг идэвхт материалын хаягдал, үлдэгдэлд хийх менежмент, цацраг идэвхт материалын тээвэрлэлт, ил, далд болон газар доор уусган олборлох уурхайн хаалт, нөхөн сэргээлт, хоолойгоор шүүрүүлэх нөхөн сэргээх (Heap recovery), өндөр агуулгатай хүдэр олборлолт ба боловсруулах, Байгалийн гаралтай цацраг идэвхт материалтай холбоотой үйл ажиллагаанд байгаль орчны нөлөөллийн болон эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ хийх зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч, ОУАЭА-ийн мэргэжлийн шарлагын цацрагийн хамгаалалтын ORPNET (Мэргэжлийн шарлагын цацрагийн хамгаалалтын сүлжээ), ISEMIR (Анагаах ухаан, Үйлдвэрлэл болон судалгааны салбар дахь мэргэжлийн шарлагын мэдээллийн систем) зэрэг платфорумуудын талаар танилцуулга хийж, ОУАЭА болон Казакстан, Канад, Итали зэрэг улсын туршлагуудаас хуваалцав.
Тус семинарт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Ашигт малтмал газрын тосны газар, Усны газар, Цаг уур орчны шинжилгээний газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Цөмийн физикийн судалгааны төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Геологийн судалгаа шинжилгээний төв, Стандарт хэмжилзүйн газрын ХАБҮЛЛ-ийн Цацрагийн хяналтын лаборатори, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, “Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг” НҮТББ, Дорноговь аймгийн Байгаль орчны газар, Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газар, Дорноговь аймгийн ЗДТГ-ын Салбарын хяналт зохицуулалтын хэлтэс, Ховд аймгийн АМГТГ-ын Баруун бүсийн төлөөлөгчийн газар, Мон-Атом ХХК, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Бадрах Энержи” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Эмээлт майнз” ХХК, “Гурвансайхан” ХХК, ‘‘Шинь Шинь’’ ХХК, “Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп” ХХК, “Петро чайна дачин тамсаг” ХХК зэрэг төрийн болон орон нутгийн захиргаа, мэргэжлийн судалгаа шинжилгээний байгууллагууд, уран, холимог металл, газрын ховор элемент, газрын тосны олборлолт, боловсруулатын компаниуд, төмөр, газрын тос боловсруулах үйлдвэрүүд зэрэг 28 байгууллагын 45 төлөөлгч нар оролцлоо.
                


