“ГАДААД ОРЧНЫ ЦАЦРАГИЙН ХЯНАЛТ” СЭДЭВТ ДАГАЛДАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Японы Атомын энергийн агентлаг (ЯАЭА)-тай хамтран “Гадаад орчны цацрагийн хяналт” сэдэвт дагалдах сургалтыг 2024 оны 05 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Тус дагалдах сургалтад Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори (БОХЗТЛ), Хэнтий, Сүхбаатар аймгийн УЦУОШТ, Дорнод аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний аврах бригад, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Экологийн цагдаагийн алба, Төрийн тусгай хамгаалалтын газар, Стандарт, хэмжил зүйн газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори (ХАБҮЛЛ)-ийн Цацрагийн хяналтын лаборатори, Дотоодын цэргийн 05 дугаар анги, Монгол Улсын Их Сургуулийн Цөмийн физикийн судалгааны төв, Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэн, “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар зэрэг төрийн 16 байгууллагын 22 албан хаагч хамрагдлаа.
Сургалтын зорилго нь цацрагийн хяналт, хэмжилт шинжилгээ хийх чиг үүрэг бүхий төрийн захиргааны болон судалгаа шинжилгээний байгууллагын албан хаагч нарт гадаад орчны хяналт, гадаад орчны дээжид цацрагийн шинжилгээ хийх арга, аргачлал, гадаад орчны цацрагийн хяналтын тогтолцоо, шинжилгээний аргачлалыг сайжруулах, боловсронгуй болгох чиглэлээр мэдлэг олгох, ЯАЭА-ийн гадаад орчны цацрагийн хяналтын туршлагаас судлахад оршсон.
Сургалтаар Цацрагийн тухай үндсэн ойлголт, цацрагийн хамгаалалт, Цацрагийн биологи үйлчлэл, Цацрагийн хэмжилт хийх үндсэн зарчим, Гадаад орчны цацрагийн мониторинг, Гадаад орчны цацрагийн мониторингийн Япон Улсын туршлага, Япон Улсын гадаад орчны дээж цуглуулах аргачлал, Цацрагийн хэмжилтийн багаж ашиглах, түүний шалгалт баталгаажуулалт, Цацрагийн дотоод шарлагын тунг тооцоолох MONDAL програм, Үүсэж тогтсон шарлагын нөхцөл (радон), БОХЗТЛ-ийн шинжилгээ хийх аргачлал, Ус боловсруулах ALPS (Advanced Liquid Processing System) технологийн тухай, Дотоод шарлагыг үнэлэх аргачлал, Цөмийн эрчим хүчний реактор, Цөмийн технологийн хэрэглээ Монгол Улсад, Монгол Улсын цацрагийн ослоос хамгаалах үйл ажиллагааны улсын төлөвлөгөө зэрэг сэдвүүдээр хичээл орж, цацрагийн хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөх, цацрагийн бохирдолд хэмжилт хийх, дээж авах, хэмжилтийн багаж тоног төхөөрөмжтэй ажиллах, дотоод шарлагын тун тооцоолох MONDAL програмыг ашиглах дасгал ажлыг хийж, БОХЗТЛ, ХАБҮЛЛ-ийн Цацрагийн хяналтын лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.
Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Японы Атомын энергийн агентлагийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төвтэй хамтран 2014 оноос дагалдах сургалтууд зохион байгуулж байгаа бөгөөд 2023 оны байдлаар “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал”, “Гадаад орчны цацрагийн хяналт”, “Реакторын инженер” зэрэг 3 сэдвийн хүрээнд давхардсан тоогоор нийт 30 байгууллагын 550 гаруй албан хаагчийг хамруулж, уг дагалдах сургалтуудыг жил бүр зохион байгуулж байна.