“ҮНДЭСНИЙ ХЯНАЛТ ШАЛГАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ЦЭК-ын Ажлын алба, АНУ-ын Эрчим хүчний яам, Үндэсний цөмийн аюулгүй байдлын газар, Олон улсын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны оролцоо (INSEP-International Nuclear Safeguards Engagement Programm) хөтөлбөрийн хүрээнд “Үндэсний хяналт шалгалт” сэдэвт сургалтыг 2024 оны 06 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Эрчим хүчний яам, Үндэсний цөмийн аюулгүй байдлын газрын Олон улсын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны оролцоо хөтөлбөрийн ахлах менежер, Брукхэвэн үндэсний лаборатори, Лос Аламосын үндэсний лабораторийн экспертүүд, Монгол Улсын цөмийн энергийн комиссын Ажлын алба, Боловсрол Шинжлэх ухааны яамны цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газар, Нийслэлийн боловсролын газрын цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид, Чингис хаан олон улсын нисэх буудал Гаалийн газрын цөмийн болон цацрагийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчид, Геологийн судалгаа шинжилгээний төв, Тагнуулын ерөнхий газрын албан хаагчид, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Ховд, Орхон аймгуудын цөмийн болон цацрагийн хяналт, байгаль орчны хяналтын улсын байцаагчид оролцлоо.
Энэхүү сургалт нь цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааны хяналтын чиглэлээр Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаараа онцлог юм. Сургалтаар цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны тухай ерөнхий ойлголт, Иж бүрэн баталгааны гэрээ болон Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээтэй холбогдсон баталгааг хэрэглэх тухай хэлэлцээрийн Нэмэлт протокол болон Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколын дагуу улс орны хүлээх үүрэг хариуцлага, цөмийн материалын бүртгэл, хяналтад тавих үндсэн аргад суралцах, хяналт шалгалтыг төлөвлөх, үр дүнг тайлагнах, IdentiFINDER -цөмийн материалыг таньж илрүүлэх багаж ашиглан материалыг тодорхойлох, илрүүлэх практик арга барилд улсын байцаагчдыг дадлагажуулав.
ЦЭК-ын Ажлын алба нь 2019 оноос Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Эрчим хүчний яам, Үндэсний цөмийн аюулгүй байдлын газрын Олон улсын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны оролцоо хөтөлбөрт хамрагдаж, цөмийн энергийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллаж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлж, холбогдох төрийн байгууллагуудын албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтыг 2019, 2023 онд тус тус зохион байгуулж, 40 гаруй албан хаагчдыг сургаж, дадлагажуулсан байна.
Мөн Монгол Улсад цөмийн материалыг хэмжих, таних, хяналт тавихад ашиглах HM-5, Identifinder R400 гамма спектрометр багажуудыг АНУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд хүлээн авсан нь цөмийн материалын бүртгэл, хяналтыг Монгол Улсад үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал алхам болсон.