ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН СУРАГЧДАД ЦӨМИЙН ТЕХНОЛОГИ, ИОНЖУУЛАГЧ ЦАЦРАГИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА

Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль болон “Оюуны ундраа цогцолбор” сургуулиас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус сургуулиудын физик хичээлийг сонгон суралцаж байгаа сурагчид болон физикийн багш нарт “Ионжуулагч цацрагийн тухай ерөнхий ойлголт, Цөмийн технологийн хэрэглээ” сэдэвт сургалтыг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад Нийслэлийн ерөнхий боловсролын 02 дугаар сургуулийн 12 дугаар ангийн 50 сурагч, “Оюуны ундраа цогцолбор” сургуулийн 10-12 дугаар ангийн 120 гаруй сурагч болон багш нар хамрагдсан.

Тус сургалтаар ионжуулагч цацрагийн тухай ерөнхий ойлголт өгч, эрүүл мэнд, геологи, уул уурхай, аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуйн салбар дахь цөмийн технологийн хэрэглээ, цацрагийн хамгаалалт болон цөмийн эрчим хүчний чиг хандлагын талаар мэдээлэл олгож, цацраг хэмжигч багаж хэрэгслийг танилцуулсан. Мөн Монгол Улсын Их Сургуулийн Цөмийн инженерчлэл хөтөлбөр болон цөмийн инженерчлэлийн хөтөлбөрөөр сурч мэргэжил эзэмшсэнээр ажиллах боломжтой салбарууд, цаашид энэ чиглэлээр сурч боловсрох, идэвх санаачилгыг дэмжих, танин мэдүүлэх чиглэлээр сурагчдад мэдээлэл өглөө.

Монгол Улсын Их Сургууль нь 1968 оноос эхлэн физикийн ангиас цөөн оюутныг бүлгээр хичээллүүлэн цөмийн физикээр мэргэшүүлж, 1993 оноос цөмийн технологийн мэргэжлийн анги нээж жил бүр 25 орчим оюутан элсүүлэн суралцуулж байгаагийн зэрэгцээ цөмийн физик, инженерчлэлийн чиглэлээр магистр, докторын сургалт эрхэлж байна. Түүнчлэн цөмийн технологийн хөтөлбөрийг 2012 онд нээгдсэн цөмийн эрчим хүчний хөтөлбөртэй 2014 оноос нэгтгэж тэдгээрт байсан үндсэн хичээлүүдийг багцлан, цөмийн инженерчлэл хөтөлбөрөөр боловсон хүчнээ дотооддоо бэлтгэж байна.

Цөмийн инженерчлэл хөтөлбөр нь хэрэглээний цөмийн физик, нейтроны болон реакторын физик, цөмийн реакторын онол, цөмийн түлшний цикл, радиохими, уран баяжуулах технологи, эрчим хүчний реакторын технологи, цацрагийн экологи, эмнэлгийн цөмийн технологи зэрэг цөмийн инженер зүйн мэдлэг эзэмшиж түүнийгээ шинжлэх ухаан боловсрол, үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, геологи хайгуул, байгаль орчны хяналт, анагаах ухаан, эрүүл ахуй зэрэг төрөл бүрийн салбарт ашиглах мэдлэг чадвартай боловсон хүчин бэлтгэхэд чиглэгдэж байна.

Хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу.

https://hutulbur.num.edu.mn/publ/php/program_detail.php?pid=70

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй