Хятад улсын хүнсний асуудлыг шийдвэрлэхэд цөмийн технологи хэрхэн туслаж байна вэ?
Дэлхийн нийт хүн амын 19 хувь нь Хятад Улсад оршин суудаг ба газар нутгийнх нь зөвхөн 7 хувьд газар тариалан эрхлэх боломжтой ажээ. Иймээс тус улс өсөн нэмэгдэж байгаа хүн амаа хүнс тэжээлээр бүрэн хангахад байгаль орчинг сүйтгэхгүй байх шаардлагатай тулгараад байна.
Хятадын хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд сүүлийн арав гаруй жил цөмийн технологид суурилсан арга, аргачлалыг үр тарианы боловсруулалтад ашиглаж байна. Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) болон Хүнс, хөдөө аж ахуйн нэгдсэн үндэсний байгууллага (ХХААНҮБ) хамтран Азийн орнуудын судлаач, эрдэмтдэд цөмийн цацрагийн технологийг ашиглан үр тарианы шинэ сорт гарган авахад дэмжлэг үзүүлж байна.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарт цөмийн судалгааг гол төлөв тухайн улс нь олон улсын цөмийн агентлагуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бол Хятадад улсын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи (ХХААШУА) болон бусад орон нутгийн академиудаар дамжуулан хэрэгжүүлдэг байна.
Үр тарианы шинэ сортуудыг гарган авахад хүнд ионы хурдасгуур, сансрын болон гамма туяаг химийн урвалжтай хамтатган ашигладаг ба энэхүү ажлын гол суурь нь цөмийн шинжлэх ухаан юм. Хятад Улсын ХХААШУА-ийн үр тариа судлалын хүрээлэн болон Шандоны академи хамтран буудайн сортыг сансрын туяагаар үйлчлэн мутацийн үржүүлэг хийх аргаар хамгийн өргөн хэрэглэдэг мутант сортыг гарган авжээ. Энэхүү сорт нь энгийн уламжлалт буудайгаас 11 хувиар илүү өндөр ургадаг ба эрс тэс уур амьсгалд тэсвэртэйгээс гадна, өвчин эсэргүүцэх чадвар өндөртэй хэмээн хүрээлэнгийн дэд захирал Лихуан Лю мэдэгжээ.
ОУАЭА болон ХХААНҮБ-ын нягт хамтын ажиллагааны хүрээнд, Хятадад сүүлийн 60 жилийн хугацаанд үр тарианы 1000 гаруй мутант сортыг гарган авч, нийт шинэ сортын тоогоороо дэлхийд 4 дүгээрт эрэмбэлэгддэгээс гадна, эдгээр мутант сортуудыг олон улсад жишиг болгон ашигладаг байна.
Сансрын туяагаар үйлчлэн мутацийн үржүүлэг хийх арга
Цацрагаар шарах замаар үр тарианы шинэ сортыг гарган авдаг ба цацрагаар үйлчилснээр тухайн үр тарианы бүтэц, генд ямар нэгэн өөрчлөлт ордоггүй. Шинэ сорт гарган авахад ашигладаг нэг төрлийн арга нь хиймэл дагуул, хийн бөмбөлөг зэргийг ашигладаг сансарын туяагаар үйлчлэн мутацийн үржүүлэг хийх арга юм. Энэ аргын давуу тал нь үрийг гэмтээх магадлал нь дэлхий дээр гамма цацраг ашигласнаас харьцангуй бага байдагт оршино.
Хүнсний аюулгүй байдал
ХХААШУА-ийн зарим хүрээлэн ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрүүдэд хамрагдан цөмийн болон изотопын технологийг судалгаа, шинжилгээний ажилд ашиглан хөгжүүлж байна. Хятадын органик бүтээгдэхүүний чанарын стандартын хүрээлэнд изотопын шинжилгээг ашиглан хуурамч зөгийн балыг тодорхойлох аргыг хөгжүүлжээ. Тус улсад худалдаалагдаж буй олон хүнсний бүтээгдэхүүнийг лабораторид синтетик аргаар үйлдвэрлэж байгаа учраас энэ төрлийн хуурамч бүтээгдэхүүнүүдийг илрүүлдэг аргууд нь маш чухал юм хэмээн изотопын аргыг ашиглан хуурамч бүтээгдэхүүнийг илрүүлэх судалгааны ажлыг тэргүүлж байгаа профессор Чен Ган хэлжээ. Түүнчлэн, энэ аргыг үхрийн махны гарал үүслийг тодорхойлох судалгаанд мөн нэвтрүүлж байгаа хэмээжээ.
ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хүрээнд 2013-2018 оны хооронд сүү, сүүн бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлж, чанарыг шалгахад изотопын технологийг ашиглан судалгааг хийж байсан ба одоо Хятад Улс энэ төрлийн судалгааг бие даан гүйцэтгэхэд хангалттай туршлага хуримтлуулжээ.
Хоол хүнсний шим тэжээлийг сайжруулах
ХХААШУА-ийн олон хүрээлэнд тогтвортой изотопын аргыг ашиглан амьтны бодисын солилцоонд орж биед шингэж, хуримтлагдаж байгаа шим тэжээлийн судалгааг хийдэг. Энэ төрлийн судалгааны үр дүнг ашиглан амьтны тэжээл болон хооллох хуваарийг нарийвчлан тодорхойлдог байна. Тогтвортой изотопын мөрийн арга нь бусад уламжлалт аргуудтай харьцуулахад мэдрэх чадвар өндөр ба өөр олон давуу талтай байдаг гэж Амьтан судлалын хүрээлэнгийн профессор Денпан Бү хэлжээ.
Хятад Улс цөмийн олон төрлийн технологийг өргөн ашиглаж байгаа хэдий ч, хэд хэдэн салбартаа ОУАЭА-ийн тусламжийг авах хэрэгцээ шаардлага байсаар л байна. Тухайлбал: Хятадын сүүний чиглэлийн үнээний уургийн шингээлт нь бага гэж гарсан. Иймээс изотопын мөрийн аргыг ашиглан уургийн шингээлтийн замыг тодорхойлсноор амьтны тэжээлд агуулагдах найрлагыг тохируулж малаас авах бүтээгдээгдэхүүний чанарыг сайжруулах боломжтой болно.
Эх сурвалж: https://www.iaea.org/