Байгаль орчны салбар дахь цөмийн технологи

Цөмийн технологи нь хүрээлэн буй орчны салбарт өргөнөөр ашиглагддаг. Тухайлбал, байгаль орчны зүй тогтол, уур амьсгалын өөрчлөлт, агаар, хөрс, ус, далай тэнгисийн үүсэл, насжилт, динамик хөдөлгөөн, найрлага, шинж чанар, бохирдлыг судлахад онцгой ач холбогдолтой юм. Эдгээр цөмийн технологид суурилсантоног төхөөрөмж, тэмдэгт атом болон тогтвортой изотопыг өргөн ашигладаг.

АГААРЫН ТООСОНЦРЫН БОХИРДЛЫН СУДАЛГААНД ЦӨМИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАХ НЬ

Улаанбаатар хотын агаарын бохирдол хотжилт, хөрсний эвдрэл, хотын газар зүйн байрлал, байгаль цаг уурын нөхцөлтэй холбоотойгоор жилээс жилд ихсэх хандлагатай байна. Агаарын дөрвөн үндсэн бохирдуулагчийн нэг болох тоос, утаа, тортог, мананцар мэтийг тоосонцор (PM) гэж нэрлэдэг бөгөөд тэдгээрийн агаар дахь хэмжээ, үүсгэгчүүд, өөрчлөлтийн зүй тогтолыг судалж тогтоох нь агаарын бохирдлыг багасгах, арилгахад авах арга хэмжээг төлөвлөх нэг үндэслэл болж өгдөг. МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв (ЦФСТ) Улаанбаатар хотын агаарын РМ2.5; РМ10 тоосонцор, хар нүүрстөрөгч (Black Carbon-ВС)-ийн бохирдол, тэдгээрийн бүтэц, эх үүсвэрийн судалгааг манай улсад анхлан эхлүүлж, 2004 оноос хойш олон улсын түвшний тоног төхөөрөмж, арга зүй хэрэглэн системтэйгээр судалж байна.

Агаарын бохирдол зөвхөн Монгол Улс төдийгүй Азийн улс орнуудад түгээмэл асуудал болсон тул Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-ийн Ази Номхон Далайн Бүсийн хэлэлцээр (АНДБХ)-ээс цөмийн аналитик аргыг агаарын тоосонцрын бохирдлын судалгаанд хэрэглэх судалгааны цуврал төслүүдийг 1998-2018 онуудад доорхи бүсийн улсуудын дунд хэрэгжүүлсэн юм. (Зураг 1).

Зураг 1. ОУАЭА-аас хэрэгжүүлсэн RAS цуврал төсөлд оролцсон улсууд (D. Cohen. Report RAS/7/029.2018)

ЦФСТ-ийн мэргэжилтнүүд уг судалгааны төслүүдэд эхлэхээс нь оролцож ирсэн бөгөөд төсөл хэрэгжилтийн явцад манай улс судалгаанд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг тус агентлагийн дэмжлэгээр авснаар энэхүү судалгааг иж бүрнээр, орчин үеийн түвшинд явуулах бололцоо бүрдсэн юм.

ЦФСТ-д бий болсон баазад суурилан Улаанбаатар хотын агаарын тоосонцрын бохирдлын мониторингийн хяналт судалгааг Шинжлэх ухаан, технологийн сэдэвт ажлууд болон Улаанбаатар хотын агаарын бохирдолын түвшин тодорхойлох Дэлхийн банкны санхүүжилттэй “Агаарын бохирдлын түвшин, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө” болон бусад сэдэвт ажлуудын хүрээнд (2008-2009) тус тус хийгдэж иржээ.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын агаарын тоосонцрын ширхэгийн хэлбэр, хэмжээг судлах, тоосонцор дахь хортой хүнд металууд, тэдгээрийн химийн нэгдэл зэргийг цөмийн физикийн орчин үеийн аналитик аргуудаар судлах тоосонцрын морфологийн болоод элементийн нарийвчилсан судалгаанууд гадаад дотоодын их сургууль судалгааны байгуулагуудтай хамтран явуулж байна. Түүнчлэн Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн сургуульд Налайх дүүргийн агаарын бохирдлыг судлах ажил эхлэн хийгдэж тодорхой үр дүнгүүдийг гарган аваад байна.

ЦӨМИЙН ТЕХНОЛОГИЙГ УСНЫ МЕНЕЖМЕНТЭД АШИГЛАХ НЬ

Уур амьсгалын өөрчлөлт, хүн амын болон эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор усны шинэ нөөцийг тогтоох, усны менежментийг хөгжүүлэх шаардлага зүй ёсоор гарч байна.

Уур амьсгалын өөрчлөлт нь орон нутгийн болон бүс нутгийн усны системд ихээр нөлөөлж байгаа тул одоо байгаа усан хангамжийн систем, усны нөөцийг нарийвчлан тогтоох шаардлагатай байдаг. Усны нөөцийн менежментийг нарийвчлан хэрэгжүүлэхийн тулд олон талт, шинжлэх ухааны ололтод суурилсан аргаар гадаргын болон гүний усны тэжээгдэл, тархалт, хөдөлгөөний талаарх судалгааны мэдээллийн сан бүрдүүлэх хэрэгтэй. Усны биетүүдийн хоорондын гидравлик харилцан үйлчлэл болон хур тунадас, хайлсан цас, гол, нуур, уст давхарга руу урсах замаар үүссэн усны гарал үүслийн эргэлтийн үйл явцыг тодорхойлоход байгаль дээрх тогтвортой изотопыг ашигладаг.

Усны хүртээмжийг үнэлэхийн тулд уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй агаар мандлын үйл явцын шинж чанар, усны эргэлт, усны урсгалын хэмжээг нарийн тодорхойлох нь чухал ач холбогдолтой. Өнгөрсөн ба одоогийн уур амьсгалын нөхцөл байдал, уур амьсгалын загварыг бататгах, агаарын эргэлтийг судлах гидрологийн үйл явцыг тодорхойлохын тулд хур тунадас болон гадаргын усанд изотоп ашиглах ажил өнгөрсөн арван жилд хийгдсэн.

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнд гүний усны эх үүсвэр ба насыг тодорхойлох, зарим онцгой тохиолдолд гүний усны нөөцийг үнэлэх, түүнийг нөхөн сэргээхэд тогтвортой болон нүүрстөрөгч, тритий зэрэг цацраг идэвхт изотоп ашиглан судалгаа ажлууд хийгдэж байна. Уст давхарга бүрт гол төлөв урт настай изотопын задралын хугацааг тооцож усны нөөцийг үнэлдэг. Энэхүү орчин үеийн шинжилгээний аргачлалаар нэг сая жил хүртэлх настай гүний усыг тооцоолох боломжтой болжээ.

Ундны усны асуудал хурцаар тавигдаж буй өнөө үед ус цэвэршүүлэх асуудал бол зайлшгүй хийгдэх ёстой алхмуудын нэг юм. Хаягдал усыг цэвэршүүлэхэд электроны хурдасгуур ашиглах нь харьцангуй шинэ технологи бөгөөд дэлхий дахинд энэ чиглэлээр судалгааны ажил эрчимтэй хийгдэж байна. Энэ нь гадаргын бохирдсон ус болон үйлдвэрийн үйл ажиллагаанаас гарсан хаягдал усыг цэвэршүүлэхэд байгаль орчинд ээлтэй технологи юм.

Бусад байгаль орчны салбарт