“РЕАКТОРЫН ИНЖЕНЕРЧЛЭЛ” СЭДЭВТ ДАГАЛДАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“РЕАКТОРЫН ИНЖЕНЕРЧЛЭЛ” СЭДЭВТ ДАГАЛДАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Цөмийн энергийн газар (хуучнаар), Япон Улсын Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны Байгалийн баялаг эрчим хүчний агентлаг хооронд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, аюулгүй байдал болон хамгаалалтын баталгааг хангах замаар цөмийн энергийн болон ураны нөөцийг ашиглахад хамтын ажиллагааг дэмжих зорилго бүхий санамж бичгийг 2010 онд байгуулсан. Тус санамж бичгийн хүрээнд Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-ийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төвөөс Япон Улсад зохион байгуулсан “Цөмийн аюулгүй байдлын семинар”, “Цөмийн материалын биет хамгаалалт”, “Сургагч багш бэлтгэх сургалт”, “Судлаачдын солилцооны хөтөлбөр”, “Анхан шатны мэдлэг олгох сургалт” болон сургагч багш бэлтгэх “Реакторын инженерчлэл”, “Цөмийн болон цацрагийн ослын үеийн бэлэн байдал”, “Гадаад орчны цацрагийн хяналт” зэрэг сургалтуудад 2010-2022 онуудад манай улсын 100 гаруй судлаач, мэргэжилтнүүд хамрагдаад байна. Түүнчлэн Цөмийн энергийн комиссын Ажлын алба, ЯАЭА-ийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төвтэй хамтран 2014 оноос сургагч багш бэлтгэх сургалтын дагалдах сургалтыг манай улсад зохион байгуулж байгаа бөгөөд 2022 оны байдлаар “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал”, “Гадаад орчны цацрагийн хяналт”, “Реакторын инженерчлэл” зэрэг 3 сэдвийн хүрээнд давхардсан тоогоор нийт 30 байгууллагын 460 албан хаагчийг хамруулсан. “Реакторын инженерчлэл” сэдэвт ээлжит дагалдах сургалтыг хамтран 2023 оны 01 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж, ЯАЭА-ийн Хүний нөөцийг хөгжүүлэх төвийн сургагч багш болон МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн Япон Улсад сургагч багшаар бэлтгэгдсэн албан хаагчид цөмийн эрчим хүчний реакторын загварчлал, тэдгээрийн ажиллах зарчим, аюулгүй ажиллагаа, эдийн засгийн үзүүлэлт, бага чадлын реакторын технологи, цөмийн түлшний цикл зэрэг сэдвүүдээр хичээл заалаа. Сургалтад Эрчим хүчний яам, Боловсрол шинжлэх ухааны яамны Цөмийн болон цацрагийн хяналтын газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв, Шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэн, ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль зэрэг төрийн 7 байгууллагын нийт 15 албан хаагчид хамрагдсан.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй