“АЗИЙН БҮС НУТГИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ ЦУВРАЛ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Америкийн Нэгдсэн Улсын Эрчим хүчний яамны Үндэсний цөмийн аюулгүй байдлын газрын санаачилгаар 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулагдаж буй “Азийн бүс нутгийн тээвэрлэлтийн аюулгүй байдал” сэдэвт цуврал семинарт Монгол Улсын холбогдох төрийн байгууллагын төлөөллүүд оролцож байна.

Тус цуврал семинар нь Азийн бүс нутгийн тээвэрлэлтийн аюулгүй байдлын тойм ба тээвэрлэлтийн аюулгүй байдлын өнөөгийн байдал, Тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдалд гэнэтийн явдал тохиолдоход үзүүлэх нөлөөлөл, Тээвэрлэлтийн үеийн одоогийн болон ирээдүйд гарч болзошгүй аюул занал болон шинэ технологиуд, Тээвэрлэлтийн аюулгүй байдлын дэглэмийн тогтвортой байдал,  Цөмийн материал болон цацраг идэвхт материалын тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдлыг сайжруулах, Олон улсын удирдамж, дүрмийн боловсруулалт, Ази дахь тээвэрлэлтийн аюулгүй байдлын уялдаа холбоо, дараагийн алхамууд, Цөмийн аюулгүй байдлын олон талт хамтын ажиллагаа, жендерийн оролцоо гэсэн 8 цувралаар үргэлжилж байна.

Семинарт Азийн 14 орны 90 гаруй төлөөлөл оролцож байгаа бөгөөд АНУ-ын, Үндэсний цөмийн аюулгүй байдлын газар, Терроризмтой тэмцэх газар, Дэлхийн цөмийн тээврийн хүрээлэн, Японы атомын энергийн агентлагийн Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, цөмийн аюулгүй байдлыг дэмжих нэгдсэн төв, Солонгосын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хяналтын хүрээлэн, Цөмийн аюулгүй байдлын мэргэшсэн мэргэжилтнүүдийн дэлхийн нийгэмлэг зэрэг байгууллагын сургагч багш нар цөмийн болон бусад цацраг идэвхт материалын тээвэрлэлтийн аюулгүй байдал, шинээр гарч ирж буй аюул занал, өнөөгийн тээвэрлэлтийн практикт тулгарч буй чухал асуудлууд, тээвэрлэлтийн аюулгүй байдлын сайн туршлагын талаар илтгэл сонсож, цөмийн болон цацраг идэвхт материалын тээвэрлэлтийн аюулгүй байдалд нөлөөлж буй үндэсний болон/эсвэл бүс нутгийн бусад асуудлуудын талаар хэлэлцэх юм.

Манай улсаас Цөмийн энергийн комиссын Ажлын алба,  Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хилийн мэргэжлийн хяналтын газар, Дорнод, Дорноговь, Сэлэнгэ, Дархан-уул аймгийн мэргэжлийн хяналтын газрын нийт 13 албан хаагч оролцож, мэдлэг чадвараа дээшлүүлж байна.

Дашрамд дурдахад, Цөмийн энергийн комиссын Ажлын алба нь Америкийн Нэгдсэн Улсын Эрчим хүчний яамны Үндэсний цөмийн аюулгүй байдлын газартай нягт хамтран ажиллаж, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр жил бүр сургалт, семинар зохион байгуулж байна.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй