Аж үйлдвэрийн салбар дахь цөмийн технологийн хэрэглээ

Аж үйлдвэрийн салбарт цөмийн технологийг үйлдвэрлэлийн процессыг хянах, материал, эд ангийн доголдол, гэмтэл илрүүлэх, үйлдвэрлэлийн явцад чанарын хяналт хийх, ашиглалтын явцад хуучралт, элэгдлийг тодорхойлох, ослоос урьдчилан сэргийлэх замаар аюулгүй ажиллагааг хангах гэх зэрэгт өргөнөөр ашигладаг байна. Үүнийг үл эвдэх сорил (ҮЭС)-ын аргаар гүйцэтгэх бөгөөд уг арга нь тухайн материал, эд ангийн гадаад бүтцэд нь ямарч гэмтэл учруулахгүйгээр дотоод бүтцийн физик болон химийн шинж чанарыг тодорхойлдог арга юм. Аж үйлдвэрийн салбарт түгээмэл хэрэглэгддэг ҮЭС-ын аргуудаас дурьдвал :
Акустик цацаргалтын сорил (Acoustic Emission - AE): Өөрчлөлт орсон материалаас ойж буй дууны долгионыг хэмжсэнээр гэмтэл, эвдрэл үүссэн эсэхийг тодорхойлдог.
Нэвчүүлэх сорил (Liquid Penetrant Testing - PT): Гадаргуугын цуурал, ан цавыг илрүүлэхэд зориулагдсан арга. Энэ аргаар тусгай шингэн нэвчүүлж, согог бүхий хэсгүүдэд үлдсэн үлдцийг хэмжиж тодорхойлдог.
Соронзон бөөмийн сорил (Magnetic Particle Testing - MT): Соронзон орны тусламжтайгаар ферромагнетик (төмөрлөг) материалын гадаргуу болон гадаргуу орчмын согогийг илрүүлдэг.
Радиографийн сорил (Radiographic Testing - RT): Рентген болон гамма туяаг ашиглан дотоод бүтцийн дүрсийг үүсгэж, далд согог, гэмтлийг илрүүлнэ.
Хувьсах гүйдлийн сорил (Eddy Current Testing - ET): Цахилгаан дамжуулах чадвартай материалд хувьсах гүйдэл үүсгэж, соронзон орны өөрчлөлтөөр согог болон материалын шинж чанарыг тодорхойлдог.
Хэт авианы сорил (Ultrasonic Testing - UT): Өндөр давтамжтай дууны долгион ашиглан согог илрүүлэх болон материалын зузаан хэмжихэд хэрэглэгдэнэ.
Эдгээр арга тус бүрийн физик зарчмууд харилцан ялгаатай. Жишээлбэл, хэт авианы сорилын үндсэн зарчим нь материал доторх дууны долгионы тархалт болон ойлт дээр суурилдаг. Хэт авианы долгион үүсгэгч (трансдьюсер)-ээс гарсан долгион материал дундуур тархахдаа ан цав, цоорхой, эсвэл гэмтэлтэй хэсгээс буцаж ойдог. Ойсон долгионы мэдрэгчид бүртгэгдэх хугацааг хэмжин, анализ хийснээр согогийн байрлал, хэмжээг тодорхойлдог. Энэхүү аргад пульс-ойлт (pulse-echo), нэвтрэн өнгөрөх (through-transmission), фазын матрицтай (PAUT), хугарсан долгион ашиглах (TOFD) зэрэг аргууд багтдаг. Хэт авианы сорил нь өндөр нарийвчлалтай, гүн дэх согогийг илрүүлэх чадвартай, тоон анализ хийх боломж өгдөг давуу талтай.
ҮЭС нь нисэх онгоц, усан онгоц, сансарын хөлөг, автомашин үйлдвэрлэл, газрын тос, хий дамжуулалт, химийн бодисын үйлдвэрлэл болон эрчим хүч, харилцаа холбоо, уул уурхай, барилга, зам гүүр, төмөр зам, тээврийн салбарт ашиглагдах бөгөөд системийн аюулгүй, тасралтгүй байдлыг хангах, ослын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй.
Монгол Улсад 1994 онд Политехникийн дэд сургуулийн физикийн тэнхимийн дэргэд ОУАЭА-ийн ТХА-ны тусламжаар аж үйлдвэрийн радиографийн лаборатори байгуулагдаж, улмаар 2000 онд ШУТИС-ийн судалгааны төв болон өргөжсөн. Хөгжлийн эхэн үед ҮЭС-ыг эрчим хүчний станцууд, Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэр, гагнуурын лабораториуд, МИАТ, төмөр замын салбарын байгууллагууд зэрэг цөөн хэрэглэчид ашиглаж байсан бол 2000-аад оноос манай улсын дэд бүтцийн хөгжил, бүтээн байгуулалтын ажил өрнөхийн хэрээр үл эвдэх сорилын хэрэглээ, хүрээ улам бүр өргөжин тэлжээ.
Өнөөдрийн байдлаар Үл эвдэх сорилын төв, Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ) ТӨХК-ийн техникийн үйлчилгээний газрын ҮЭС-ын оношилгоо, хэмжилзүйн лаборатори, Lynux, DTU, NDT&D болон Металл тест ХХК зэрэг 30 гаруй байгууллагууд ҮЭС-ын төрөлжсөн үйлчилгээг үзүүлж байна. Мөн 2017-2020 онд ISO 9712: “Аж үйлдвэрийн ҮЭС-ын ажилтнуудын мэргэшүүлэлт ба баталгаажуулалт” стандартын дагуу мэргэшүүлэх сургалтад хамрагдсан, хүчин төгөлдөр сертификаттай 300 орчим ажилтан байна.
“Монгол Улсын Засгийн Газар, Олон Улсын Атомын Энергийн Агентлаг хоорондын Техникийн хамтын ажиллагаа 2022-2027 он” баримт бичгийн хүрээнд 2024-2025 оны циклд МОN1010 үндэсний төслийг Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК амжилттай хэрэгжүүлж байна. Уг төслөөр ҮЭС-ын хүний нөөцийг хөгжүүлэх, лабораторийг бий болгох замаар ҮЭС гүйцэтгэх процедурыг хангах зорилготой юм. Түүнчлэн, газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмж, шугам хоолой, метал хийц, эд ангийн чанар, аюулгүй байдлыг хангахад ашиглагдах ҮЭС-ын чухал багаж, тоног төхөөрөмжийг хүлээн авч, ашиглалтад оруулан үйлдвэрлэл шинжилгээнд ашиглах боломжийг бүрдүүлнэ. Мөн ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн оюутнуудад шингэн нэвчүүлэх сорилт, соронзон бөөмийн сорилт, хувьсах гүйдлийн сорилт, гадна үзлэгийн сорилтын аргаар 1-р түвшний олон улсын сургалтыг зохион байгуулж, Монгол Улсад ҮЭС-оор мэргэшсэн механик инженерүүдийг бэлтгэх суурь тавигдах юм.
МИАТ ТӨХК нь 2003 онд Иргэний нисэхийн ерөнхий газраас агаарын хөлөгт засвар үйлчилгээ хийх эрх, 2005 онд Европын Холбооны иргэний агаарын тээврийн байгууллагын газраас холбогдох эрхүүдийг авснаар, 2006 оноос эхлэн агаарын хөлгийн төлөвлөгөөт техник үйлчилгээг эх орондоо хийж, улмаар 2014 оноос гадаадын агаарын хөлөгт хүнд хэлбэрийн засвар үйлчилгээг хийж эхэлжээ. Тус компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь рентген үүсгүүр бүхий радиографи (ERESCO 65MF) ҮЭС-ын аргыг хөлгийн далд, задаргаанд орох боломжгүй эд ангиудын гагнуурын болон материалын чанар шалгах, үзлэг шалгалт хийх зорилгоор ашигладаг байна. Улмаар тус газар нь агаарын тээвэрлэгч гадаадын 12 компанийн Бойнг 737 болон 767 загварын нийт 67 агаарын хөлөгт техник үйлчилгээний ажил амжилттай гүйцэтгэжээ.
Дулааны цахилгаан станц-4ТӨХК-ийн Судалгаа хөгжлийн албаны Металл судлал гагнуурын лаборатори нь 2010 оноос аж үйлдвэрийн дижитал радиографийг нэвтрүүлэх зорилт тавин, 2014 оноос химийн найрлага тодорхойлох рентген спектрометрүүд (TXC-25; X-MET8000) болон ҮЭС-ын радиографи (HD-CR 35; XXG3005) ба соронзон сорилын (TSC-6M-8) багаж, тоног төхөөрөмжүүдийг хэрэглээнд нэвтрүүлэн ажиллаж байна. Эдгээр технологиор бүх төрлийн металл эд анги, тэдгээрийн гагнуурын оёдлын чанарыг шалгаж, үйл ажиллагааны баталгаа өгдөг. Түүнчлэн, тус лаборатори нь өөрийн техникийн чадавхиа ашиглан бусад байгууллагуудын захиалгат хяналт шинжилгээ хийх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд нийт олсон орлого нь эдгээр технологийг худалдан авсан анхдагч үнийн дүнг 3 жилийн дотор нөхөж, амжилттай үйл ажиллагаа явуулсаар байна.