Organizational Structure

Цөмийн энергийн комиссын Ажлын алба

Засгийн газрын 2015 оны 72 дугаар тогтоолоор баталсан Цөмийн энергийн комиссын дүрэмд заасны дагуу Ажлын алба нь дараах бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Цөмийн технологийн бодлогын газар:  Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх бодлого, хөтөлбөр, стратеги, төлөвлөгөө боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Тус нэгж нь цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх эрх зүйн орчныг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох талаар санал боловсруулж, хууль тогтоомж, бодлого, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэхтэй холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд, Цөмийн энергийн комисст мэргэжлийн зөвлөгөө өгч, шуурхай мэдээллээр хангах үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэн ажилладаг.

Цөмийн аюулгүй байдлын бодлогын газар: Цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын дэд бүтцийг боловсронгуй болгох, цөмийн болон цацрагийн аюулгүй байдалтай холбогдох хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, стратеги, төлөвлөгөө боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Тус нэгж нь цөмийн болон цацрагийн хяналт-шинжилгээний үйл ажиллагааг өргөжүүлэх, цацрагийн хамгаалалтын техникийн чадавхийг сайжруулахад чиглэгдсэн үйлчилгээг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжид үзүүлдэг.

Тус нэгжийн бүрэлдэхүүнд улсын хэмжээнд цөмийн болон цацраг идэвхт,  цацрагийн үүсгүүрийг төвлөрүүлэн хадгалах, тээвэрлэх, булшлах чиг үүрэг бүхий Изотоп контор, ионжуулагч цацраг бүртгэх багаж, тоног төхөөрөмжийн нэгдмэл байдлыг хангах, тохируулга хийх лаборатори ажилладаг.

Тамгын газар: Төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн манлайллыг хангах, хууль, эрх зүйн үйлчилгээ үзүүлэх, санхүү, аж ахуйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх болон дотоод аудит хийх үндсэн үүрэг хүлээж, ажилтнуудыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, материаллаг баазыг бэхжүүлэх,  цөмийн энерги болон цацраг идэвхт ашигт малтмал ашиглах талаар төрөөс баримтлах бодлого, үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Тус нэгжийн үйл ажиллагаа нь мэргэшсэн хүний нөөцөөр цөмийн энергийн салбарын тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад чиглэх бөгөөд салбарын хүний нөөцийг бэлтгэх, давтан сургаж хөгжүүлэх, комиссийн архив бичиг хэргийг хөтлөх, хадгалах, хамгаалах асуудлыг хариуцан ажилладаг.

Гадаад хамтын ажиллагааны хэлтэс: Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон олон улсын эрх зүйн зохицуулалт, гадаад орны туршлагыг судлах, гадаад улс, олон улсын байгууллагатай хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах, цөмийн энергийн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.