ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙН ШИНЭЧИЛСЭН ТОДОТГОЛООР НИГЕРИЙН УРАНЫ УУРХАЙН АШИГЛАЛТЫН ХУГАЦАА УРТАСЧЭЭ.

Өнгөрсөн 1 дүгээр сард авсан Даса хүдрийн биет рүү хүрэх гүний налуу зам (Зураг: Глобал Атомик компани)

Глобал Атомик компанийн эзэмшдэг Даса төслийн ТЭЗҮ-ийн шинэчилсэн тодотголоор ураны үйлдвэрлэл 55%-иар өссөнөөр уурхайн ашиглалтын хугацааг 2 дахин нэмэгдүүлжээ. Тус компани 2025 оны сүүлч, 2026 оны эхээр төслийн олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа ба дөрөвдэх удаагийн үйлдвэрлэгч болон худалдан авагч хоёрын хооронд үйлдвэрлэгчийн удахгүй гарах барааны зарим хэсгийг худалдан авах, худалдах тохиролцоо бүхий (offtake) гэрээ байгуулснаа зарласан байна.

Даса төслийг 3 үе шаттайгаар тодорхойлсон ба 2024 оны энэхүү ТЭЗҮ нь 2021 оны сүүлээр дууссан өмнөх 1 дүгээр шатны ТЭЗҮ-ийг орлох юм. Энэхүү шинэчилсэн ТЭЗҮ-ээр эдийн засгийн хувьд олборлох боломжтой ашигт малтмалын баялаг 73 сая фунт шар нунтаг (U3O8) буюу 28,079 тонн уран байсан нөөцийг 50%-иар нэмэгдүүлснээр уурхайн ашиглалтын хугацаа 12 жилээс 23 жил болж уртасчээ. Ингэснээр ураны үйлдвэрлэл 68.1 сая фунт буюу 55%-иар өсчээ.

Тус компани өнгөрсөн 2023 оны 05 дугаар сард уг төслийн ашигт малтмалын нөөцийн тооцоог шинэчилж, магадлалтай нөөцийг боломжит нөөцийн ангилал руу шилжүүлснээр 50%-иар нэмэгдэж, 109.3 сая фунт шар нунтаг (U3O8) болсон байна.

Глобал Атомик компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал хэлэхдээ: Шинэчилсэн ТЭЗҮ-ийн тодотголоор төслийн “Томоохон өөрчлөлт”-ийг тодорхойлсон. “2024 оны энэхүү тодотголоор бид өмнөх зарцуулсан зардлыг оруулаад олборлолтын зардлаа 2.5 жилийн хугацаанд нөхөх боломжтой” болж, эдгээр тооцоолсон өгөөж нь уламжлалыг хадгалсан тааламжтай үнэ цэнийг өгч байна гэв. “Тухайлбал Даса ордод 5,243 ppm (~0.005 гр)-ийн агуулгатай 51.4 сая фунт магадлалтай нөөц байгаа ба үүнийг боломжит нөөцийн ангилалд шилжүүлж уурхайн төлөвлөгөөнд оруулах боломжтой. Бид төслийн санхүүжилтийг удахгүй бүрэн шийдэж, 2024 оны хоёрдугаар хагаст үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлж, 2025 оны сүүлчээр үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэв.

Тус уурхайн далд уурхайн бүтээн байгуулалт 2022 оны сүүлээр эхэлсэн боловч 2023 онд Нигер улсад цэргийн эргэлт гарсны улмаас үйл ажиллагааг түр зогсоосон байна. Нигер улсын эсрэг хориг арга хэмжээ авч байх хугацаанд Глобал Атомик компани хүдэрт хүрэх гүний гарцыг нээж, боловсруулах үйлдвэрийн талбайг бэлтгэх ажлыг үргэлжлүүлж, шаардлагатай ачаа, хангамжийг нийлүүлэх Того, Буркино Фасогоор дамжин өнгөрөх тээвэрлэлтийн замыг хөгжүүлэх зэргээр уурхайн дэд бүтцийг хөгжүүлсэн байна. Нигерийн хөрш зэргэлдээ орнуудын Баруун Африкийн улсуудын эдийн засгийн нийгэмлэг 2024 оны 02 дугаар сарын 24-ны өдрөөс Нигер улсад тавьсан хориг арга хэмжээгээ цуцалснаар Бенин улсын Котону боомтоор дамжин далайн тээврийн сувгууд руу нэвтрэх Нигерийн түүхэн анхдагч худалдааны замыг дахин нээсэн байна.

“Нигер улсын Засгийн газар Даса уурхайг Нигерийн төв Агадез бүсийг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэж байна хэмээн үзэж байна” гэж Глобал Атомик компаниас мэдэгдсэн байна.

Үйлдвэрлэгч болон худалдан авагч хоёрын хооронд үйлдвэрлэгчийн удахгүй гарах барааны зарим хэсгийг худалдан авах, худалдах тохиролцоо бүхий (offtake) шинэ гэрээ

Глобал Атомик компани мөн худалдан авах – худалдах гэрээг амжилттай байгуулсан тохиолдолд стратегийн хувьд Европд төвтэй цөмийн эрчим хүчний байгууллагад Дасагаас уран худалдах хүсэл зоригийн захидлыг (Letter of Intent-LOI) эцэслэн боловсруулаад байгаагаа мэдэгдсэн байна. LOI гэдэг нь “жил бүр өсөж буй өнөөгийн зах зээлийн үнэтэй ойролцоо байх үнэ” юм.

LOI нь 260,000 фунт шар нунтаг (U3O8)-ийн нийлүүлэлтийг 2026 оноос эхлэн 3 жилийн хугацаанд хүргэх бөгөөд тус компанийн байгуулсан дөрөвдэх гэрээ юм. Ингэснээр компани одоогийн байдлаар нийт нийлүүлэх амласан бүтээгдэхүүний хэмжээ 9.5 сая фунт шар нунтаг (U3O8)-д хүргэж, одоогийн байгаа зах зээлийн үнийн түвшинд 770 сая ам.долларын орлоготой болохоор байна гэж Глобал Атомик компаниас мэдэгджээ.