Залуу эрдэмтэн, судлаачдын анхааралд

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна.

ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ.

Тус хурлыг зохион байгуулах ажлын хүрээнд Олон улсын цөмийн аюулгүй байдлын боловсролын сүлжээтэй хамтран “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт олон улсын эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарласан байна. ОУАЭА-аас мэдэгдэхдээ, эссэ бичлэгийн уралдааны хүрээнд цөмийн аюулгүй байдлын ирээдүйн чиг хандлагын тухай шинэлэг санаа олж авна гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд уралдаанд хөгжиж буй орны залуу эмэгтэй судлаач, эрдэмтэн, оюутан суралцагчдын оролцоог илүү дэмжинэ хэмээжээ.

Эссэг ОУАЭА-ийн албан ёсны хэл - араб, хятад, англи, франц, орос, испани аль ч хэлээр бичиж болно. Оролцогчдын эссэг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хүлээж авна.

Хамгийн шилдэг гурван эссэг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зарлах бөгөөд тус бүр 2000 еврогийн мөнгөн шагнал, ОУАЭА-ийн ерөнхий захирлын гарын үсэгтэй гэрчилгээг гардан авна. Мөн шилдэг оролцогчдыг ОУАЭА-ийн зардлаар хуралд урьж оролцуулан, тэдний бичсэн эссэг олонд танилцуулж, хурлын цахим хуудаст байршуулна.

Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.

1. https://www.iaea.org/newscenter/news/whats-the-future-of-nuclear-security-iaea-launches-essay-competition-for-students-and-early-career-professionals

2. https://www.iaea.org/sites/default/files/19/05/cn-278-announcement-contest.pdf

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй