МОНГОЛ УЛС ЦӨМИЙН ЭНЕРГИЙГ ЭНХИЙГ ЗОРИЛГООР АШИГЛАХ БАТАЛГААГ ХАНГАЖ, ЦӨМИЙН ЗЭВСГЭЭС АНГИД БАЙХ СТАТУСАА ШИНЭ ТҮВШИНД ГАРГАЛАА

Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий захирлын орлогч бөгөөд Баталгааны газрын захирал Массимо Апаро тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 05 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Цөмийн энергийн комиссын дарга Ц.Туваан болон Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг нар Олон улсын атомын энергийн агентлагийн (ОУАЭА) Цөмийн баталгааны газрын дарга ноён Массимо Апарог хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улс болон ОУАЭА-ийн цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны хэрэгжилт, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Цөмийн энергийн комиссын дарга Ц.Туваан Монгол Улс нь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны хэрэгжилтийг хангахад тууштай хүчин чармайлт гаргаж байгааг онцолж, цаашид цөмийн энергийн энхийн хэрэглээг ил тод, хяналттай, бүрэн аюулгүй байдлаар хөгжүүлэх, бага чадлын судалгааны реакторын асуудлыг судлах асуудлаар ОУАЭА-тай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг ОУАЭА-тай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг техникийн туслалцаа, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын шилдэг туршлагыг нутагшуулах чиглэлээр гүнзгийрүүлэх байр сууриа илэрхийлэв.
Ноён Массимо Апаро Монгол Улс 1992 онд цөмийн зэвсгээс ангид статус зарлаж, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх болон зэвсэг хураах үйл хэрэгт идэвхтэй оролцож ирсэн нь олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс өндрөөр үнэлэгддэг болохыг онцлов. Тэрээр Монгол Улсын зүгээс “Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол”-д нэгдэн орж, холбогдох гэрээ, конвенцын баримт бичгүүдийг соёрхон баталсан нь тус статусаа баталгаажуулсан чухал алхам болсныг тэмдэглэв.
Тодруулбал, Монгол Улсын Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сард “Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц”, “Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт”, “Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол”-ийг соёрхон баталсан. Үүний дагуу Монгол Улс 2025 оны 12 дугаар сард протоколыг соёрхон баталсан тухай албан ёсны батламж жуух бичгийг ноён Апарод гардуулж, улмаар 2025 оны 1 дүгээр сард ОУАЭА-д анхны тайлангаа хүргүүлсэн юм.
Мөн айлчлалын үеэр Цөмийн энергийн комиссын Ажлын албатай зөвлөлдөх уулзалт хийж, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны хэрэгжилт, тулгамдаж буй сорилт, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцов. ОУАЭА-ийн зүгээс Монгол Улсад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, мэргэжилтнүүдийг сургах, дадлагажуулахад дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагаагаа улам үр дүнтэй үргэлжлүүлэхээ илэрхийлсэн юм.

Айлчлалын хүрээнд ноён Апаро Монгол Улсын Их Сургуулийн харьяа Цөмийн физикийн судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцаж, МУИС-ийн “Эрдмийн танхим”-д “ОУАЭА-ийн цөмийн баталгааны тогтолцоо, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийн ач холбогдол, хэтийн төлөв” сэдвээр илтгэл тавьж, оюутан, судлаачид, мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариуллаа. Энэ арга хэмжээ нь залуу үеийн шинжлэх ухаан, ялангуяа цөмийн салбарт сонирхолтой байх хандлагыг дэмжих, мэдлэг ойлголтыг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулав.

Ноён Апарогийн энэхүү айлчлал нь Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны чиглэлд ОУАЭА-тай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх, өргөжүүлэхэд чухал түлхэц болсон түүхэн үйл явдал боллоо.