“ГАДААД ОРЧНЫ ЦАЦРАГИЙН ХЯНАЛТ” СЭДЭВТ ДАГАЛДАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Японы Атомын энергийн агентлаг (ЯАЭА)-тай хамтран “Гадаад орчны цацрагийн хяналт” сэдэвт дагалдах сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 06-10-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Тус дагалдах сургалтад Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Зэвсэгт хүчний жаншин штабын 119 дүгээр анги, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, ЦУОШГ-ын Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори (БОХЗТЛ), Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний аврах бригад, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Төрийн тусгай хамгаалалтын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Ашигт малтмал газрын тосны газар, Монгол Улсын Их Сургуулийн Цөмийн физикийн судалгааны төв, “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Бадрах энержи ХХК зэрэг төрийн болон хувийн хэвшлийн 13 байгууллагын 16 албан хаагч хамрагдлаа.
Сургалтын зорилго нь Япон Улсад сургагч багшаас суралцаад ирсэн Монгол Улсын төрийн албан хаагч нар цацрагийн хяналт, хэмжилт шинжилгээ хийх чиг үүрэг бүхий төрийн захиргааны болон судалгаа шинжилгээний байгууллага, ураны уурхайн албан хаагч нарт гадаад орчны хяналт, гадаад орчны дээжид цацрагийн шинжилгээ хийх арга, аргачлал, гадаад орчны цацрагийн хяналтын тогтолцоо, шинжилгээний аргачлалыг сайжруулах, боловсронгуй болгох чиглэлээр мэдлэг олгох хичээл заах, ЯАЭА-ийн гадаад орчны цацрагийн хяналтын туршлагаас танилцуулахад оршсон.
Сургалтаар Цацрагийн тухай үндсэн ойлголт, цацрагийн хамгаалалт, Цацрагийн биологийн харилцан үйлчлэл, Цацрагийн хэмжилт хийх үндсэн зарчим, Гадаад орчны цацрагийн мониторинг, Гадаад орчны цацрагийн мониторингийн Япон Улсын туршлага, Япон Улсын гадаад орчны дээж цуглуулах аргачлал, Цацрагийн хэмжилтийн багаж ашиглах, түүний шалгалт баталгаажуулалт, Үүсэж тогтсон шарлагын нөхцөл (радон), БОХЗТЛ-ийн шинжилгээ хийх аргачлал, Ус боловсруулах ALPS (Advanced Liquid Processing System) технологийн тухай, Дотоод шарлагыг үнэлэх аргачлал, Монгол Улс дахь Цөмийн технологийн хэрэглээ, Монгол Улсын цацрагийн ослоос хамгаалах үйл ажиллагааны улсын төлөвлөгөө зэрэг сэдвүүдээр хичээл үзэн гадаад орчны цацрагийн хэмжилтийг хийх, хэмжилтийн эргэлзээ тооцоолох дасгал ажиллаж, хэмжилтийн багаж тоног төхөөрөмжтэй ажиллах практик сургуулилт хийлээ. Мөн БОХЗТЛ, ХАБҮЛЛ-ийн Цацрагийн хяналтын лабораторийн үйл ажиллагаатай танилцсан.
Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Японы Атомын Энергийн Агентлагийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төвтэй хамтран 2014 оноос дагалдах сургалтууд зохион байгуулж байгаа бөгөөд 2024 оны байдлаар “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал”, “Гадаад орчны цацрагийн хяналт”, “Реакторын инженер” зэрэг 3 сэдвийн хүрээнд давхардсан тоогоор нийт 30 байгууллагын 671 гаруй албан хаагчийг хамруулж, уг дагалдах сургалтуудыг жил бүр зохион байгуулж байна.