Өндөр түвшний зөвлөгөөн, үндэсний хэлэлцүүлэг болж өндөрлөлөө

Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ), Гадаад харилцааны яам (ГХЯ), Цөмийн энергийн комисс, Олон Улсын Атомын Энергийн Агентлагтай хамтран “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгаа, цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны олон улсын эрх зүйн хэрэгсэл” сэдэвт өндөр түвшний зөвлөгөөн “Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгаа, цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны холбогдолтой олон улсын конвенц, протоколд нэгдэн орохыг дэмжих нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг 2023 оны 06 дугаар сарын 27-29-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус үйл ажиллагаанд ОУАЭА-ийн Хууль, эрх зүйн газар, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны газар, Цөмийн аюулгүй байдлын хэлтэс, Цөмийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын газар, Цацрагийн үүсгүүр, тээвэрлэлт, хаягдлын аюулгүй ажиллагааны хэлтэс, Цөмийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын газар, Монгол Улсын Их хурлын гишүүд төлөөлөл, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл, УИХ-ын Тамгын газар, ҮАБЗ-ийн Стратегийн хэлтэс, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Боловсрол , шинжлэх ухааны яам, Батлан хамгаалах яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, Терроризмтэй тэмцэх зөвлөл, Цөмийн шинжилгээний нэгдсэн институтын бүрэн эрхт төлөөлөгч, Шинжлэх ухааны Академич, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цэнхэр сүлд ТББ, Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг ТББ, Эвийн хүч эх нутгийн төлөө ТББ, Их бага баян шарга ТББ, Гамшгийн эсрэг үндэсний төв ТББ, Босоо Хөх Монгол ТББ зэрэг 65 байгууллагын 150 төлөөлөгч оролцсон байна.

Өндөр түвшний зөвлөгөөнийг нээж Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цөмийн энергийн комиссын дарга Л.Энх-Амгалан, ОУАЭА-ийн дэд дарга, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны газрын дарга Массимо Апаро нар үг хэллээ.

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цөмийн энергийн комиссын дарга Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ Монгол Улсын Их хурлын 60 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагаа нь Монгол Улс олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орохтой холбоотой асуудлаар Монгол Улсын шийдвэргаргах түвшний албан тушаалтнууд, төрийн байгууллага, судлаачид, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдэд гэрээ, конвенциудыг танилцуулах, нэгдэн орох ач холбогдол, үр нөлөөний талаар нэгдмэл ойлголтыг өгөх, эдгээр олон улсын гэрээ, конвенцод нэгдэх орох, дагаж мөрдөхөд Засгийн газрын үүрэг болон иргэний нийгмийн оролцоог дэмжихэд ихээхэн хувь нэмрээ оруулсан үйл ажиллагаа болж байгааг онцлон тэмдэглэсэн.

Массимо Апаро Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Удирдах зөвлөлөөс бага хэмжээний цөмийн материалтай бүх улс орнууд нь бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг хууль эрх зүйн үүднээс зөвшөөрч цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны арга хэмжээг зохих ёсоор хэрэгжүүлэхийг уриалж буйг” дурдаж, ОУАЭА-аас Монгол Улсыг анхны хувилбар бүхий Бага хэмжээний цөмийн материалыг шинэчилсэн протоколдоо өөрчлөлт оруулахад Засгийн газраас гаргах хүчин чармайлтыг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

ОУАЭА-ийн Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, бодлого боловсруулах газрын Хууль, эрх зүйн газрын хуульч Кристиан Де Франсиа Монгол Улсын 1992 онд цөмийн зэвсэггүй бүсийн статустай болох санаачилгыг НҮБ-ын индэр дээрээс танилцуулж, холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэний үр дүнд цөмийн зэвсэггүй бүс статусыг албан ёсоор баталгаажуулсан алхамыг удаа дараа онцлон тэмдэглэж байлаа.

Арга хэмжээний үеэр Монгол Улс цөмийн технологийг эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, гаалийн үзлэг шалгалт гээд маш олон салбарт өргөнөөр хэрэглэж байгаа талаар болон тэдгээрийн ач холбогдлыг танилцууллаа. Мөн цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны нэгдсэн конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт өөрчлөлт, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколын талаар танилцуулга, ойлголт мэдээлэл өгч, нэгдэн орох ач холбогдол, үр нөлөөний талаар нэгдмэл ойлголтыг өглөө.

Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны нэгдсэн конвенцын удиртгал хэсгийн XI дүгээр заалт “Цацраг идэвхт хаягдлыг тухайн материалын менежментийн аюулгүй ажиллагааг харгалзан үүслийн улсад нь булшлах ёстой”-д дурсдан үүсгэсэн улс гэдэг нь хэн бэ гэдгийг тодорхой тайлбарласан. Монгол Улс уран экспортолсноор ашигласан түлш болон цацраг идэвхт хаягдлыг буцаан авах тухай ойлголт байхгүй бөгөөд тус конвенцд аливаа улс гадны хаягдлыг нэвтрүүлэхгүй байх эрхтэйг заасан байна.

Конвенцид дурдагдсан гарал үүслийн улс гэдэг нь цөмийн түлшийг реакторын голомтод шарж, түүнийг ашигласан түлш болон хаягал болгосон улсыг хэлэх тухай тайлбарлалаа.

Монгол Улс эдгээр конвенцийг соёрхон баталснаар цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргахтай холбоотой эрх зүйн чадамжийг бий болгож, Олон улсын хамтын нийгэмлэгийн улс орнуудын хэмжээнд нэр хүндээ дахин гаргаж ирэх, таатай боломж бүрдүүлэх юм.

Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх тухай статусыг цаашид урагшлуулан бэхжүүлэхдээ бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг хангаж, Зүүн Хойд Азид аюулгүй байдлын яриа хэлэлцээ явуулах тухай Монгол Улсын санаачилгын нэг чухал хүчин зүйл болгож ажиллах, хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ-ын цөмийн байгууламжийн талаар мэдээлэл авах, хилийн ойр байрлах цөмийн байгууламжийн эрсдэлд үнэлгээ хийх, хүн ам, байгаль орчныг хамгаалах, болзошгүй ослоос сэргийлэх, аюулгүй ажиллагааг сайжруулах, цөмийн материалын биет хамгаалалт, цөмийн террорист үйлдлээс урьдчилан сэргийлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар эдгээр зорилтуудад нийцсэн үндэсний эрх зүйн орчинг бий болгох, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааг хэрэгжүүлэх, үр дүнтэй хяналтыг бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улсын төрийн байгууллага, судалгаа шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоод болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд гэрээ, конвенциудын талаар ОУАЭА-ийн цөмийн аюулгүй ажиллагаа (safety), цөмийн аюулгүй байдал (security), цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгаа (safeguards)-ны асуудлаар мэргэшсэн хуульчдаас үнэн зөв, бодит мэдээлэл, ойлголт авч, цөмийн энергийн салбарын хөгжлийг нэг алхамаар урагшлуулсан чухал үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй