НАМИБИЙН УРАНЫ УУРХАЙ ДАХИН АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ.

Дахин ажиллуулж эхэлсэн Лэнжир Хэйнрич уурхайгаас гарган авсан анхны торхтой бүтээгдэхүүнүүд (зургийг Паладин Энержи компани)

Паладин Энержи компани 2018 онд Намибийн ураны төслийн үйл ажиллагааг зогсоож байсан бол өнөөдөр Лэнжир Хэйнрич ураны уурхайн анхны арилжааны үйлдвэрлэлийг эхлүүлснээ зарлажээ.

Паладин Энержи компани тус уурхайг 2022 онд ашиглалтад оруулах төслийг эхлүүлсэн бөгөөд энэ оны 01 дүгээр сарын 20-ны өдөр анхны хүдрийг боловсруулах үйлдвэрт нийлүүлж, 3 дугаар сарын 30-ны өдөр ураны боловсруулах үйлдвэр эхний торхтой бүтээгдэхүүнүүдээ гаргаж авсан тухайгаа мэдэгдсэн байна. Тус компаниас хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэхээс өмнө үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бэлэн бүтээгдэхүүний нөөц нэмэгдүүлэх тал дээр гол анхаарлаа төвлөрүүлэх болно гэж мэдэгджээ.

Компанийн гүйцэтгэх захирал: “Лэнжир Хэйнрич уурхайд анхны олборлолт хийсэн нь манай компанийн хувьд чухал үйл явдал боллоо”, “Дэлхийд ач холбогдол бүхий энэ ураны уурхайг үйлдвэрлэлд буцааж оруулахад шаргуу хөдөлмөрлөж, маш их хичээл зүтгэл гаргасан компанийн нийт ажилтан, албан хаагчид, гүйцэтгэгч нартаа талархал илэрхийлье”, “түүнчлэн Намиб улсын Засгийн газар, Эронго бүсийн орон нутгийн иргэд, олон нийтэд манай үйл ажиллагааг үргэлж дэмждэг явдалд талархал илэрхийлье” гэжээ.

Лэнжир Хэйнрич уурхай үйлдвэрлэлд шилжсэнтэй холбоотойгоор Паладин Энержи компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал нь тус уурхайн бүх үйл ажиллагааг хариуцан ажиллах аж.

Лэнжир Хэйнрич уурхай нь Намибийн баруун төв хэсэгт, Свакопмунд хотоос зүүн тийш 80 км зайд оршдог. Паладин Энержи компани тус төслийг 2002 онд худалдаж авснаа хойш 10 жилийн хугацаанд 43 сая фунт шар нунтаг (U3O8) буюу 16,540 тонн уран үйлдвэрлэсэн бол уурхайн дараагийн 17 жилийн ашиглалтын хугацаанд 77 сая фунт шар нунтаг үйлдвэрлэх төлөвтэй байна. Уг төслийн 75%-ийг Баруун Австралид төвтэй Паладин Энержи компани, үлдсэн 25%-ийг нь БНХАУ-ын Үндэсний цөмийн корпорацийн охин компани болох CNNC Overseas Uranium Holding Limited эзэмшдэг аж.

Паладин Энержи компаниас энэ оны 07 сард уурхайн 2025 санхүүгийн жил, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үзүүлэлтүүдийн талаарх мэдээллийг өгөх болно гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: https://world-nuclear-news.org/Articles/Restarted-Namibian-mine-transitions-to-commercial

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй