Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл ураны 11 ордын нөөцийг бүртгэжээ

УИХ-ын гишүүд Цөмийн энергийн комиссын үйл ажиллагааны тайлан, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн мэдээллийг сонсжээ.

Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжав  дараах мэдээллийг өгсөн байна:

-Ашигт малтмал, газрын тосны газраас энэ сард авсан мэдээллээр манай улсад ураны 13 орд (Дорнод, Гурванбулаг, Улаан, Нэмэр, Мардайн гол, Хараат, Хайрхан, Гурвансайхан, Өлзийт, Дулаан-Уул, Зөөвч-Овоо, Энгэр ар, Далт) бий. 192,241.02 тонн геологийн нөөц бүртгэж, 11 ордын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн бүртгэжээ.

Өнгөрсөн сарын байдлаар Ашигт малтмал, газрын тосны газарт дөрвөн аймгийн 10 сумын нутагт нийт 121 мянган гектар талбайд зургаан аж ахуйн нэгжийн цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын найм, хайгуулын дөрвөн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 0.07 хувийг эзэлсэн нь 2009 онтой харьцуулахад 37 дахин буурчээ.

Өнөөдрийн байдлаар БНХАУ, БНФУ, БНЧУ-ын хөрөнгө оруулалттай дөрөв, дотоодын хоёр, нийт зургаан аж ахуйн нэгж цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалт болон хайгуулын 12 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа юм байна. Үүнээс

  • БНФУ-ын хөрөнгө оруулалттай, хамтарсан “Бадрах Энержи” ХХК,

  • БНЧУ-ын хөрөнгө оруулалттай, хамтарсан “Гурвансайхан” ХХК,

  • БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хунбөө”, “Шинь Шинь” ХХК цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.

“Бадрах Энержи” энэ сарын байдлаар Дорноговь аймгийн нутагт 48,375.77 гектар талбайд MV-018914 дугаартай Өмнөт, MV-018915 дугаартай Зөөвч Овоо, MV-018916 дугаартай Дулаан-Уул нэрт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. “Мон-Атом” ХХК, “Арева Монгол” ХХК хооронд 2013 оны аравдугаар сарын 26-нд “Хувьцаа эзэмшигчдийн гэрээ” байгуулсан.Гэрээнд Дулаан-Уул, Зөөвч-Овоо, Өмнөтийн ордын цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хамтарсан “Бадрах Энержи” ХХК-д олгосны дараа Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу “Мон-Атом” ХХК “Бадрах Энержи” ХХК-ийн 34 хувийг эзэмшихээр тусгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй