МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОУАЭА-ИЙН ЕРӨНХИЙ БАГА ХУРЛЫН 69 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын ээлжит 69 дүгээр чуулган 2025 оны 09 сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын төлөөлөгчдийг НҮБ-ын Вена дахь салбар төв болон олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч М.Цэнгэг тэргүүлж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Хавдар судлалын үндэсний төвийн төлөөллөөс бүрдсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүн чуулганд оролцож байна.
Чуулганаар Агентлагийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, 2026 оны төсөв, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгаатай холбоотой гэрээ, конвенцын биелэлт, цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагаа, техникийн хамтын ажиллагаа, цөмийн шинжлэх ухаан, технологийн хэрэглээ зэрэг 24 багц асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы хүрээнд 2025 оны 09 сарын 16-17-ны өдрүүдэд “Atoms4Water” сэдэвт шинжлэх ухааны форум зохион байгуулагдаж, усны нөөцийг тогтвортой удирдах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, усны чанар, хүртээмжийг сайжруулахад цөмийн технологийг ашиглах боломж, туршлага, инновацийг хэлэлцэв.
Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын байр суурийг танилцуулж, үг хэлэв.
Төлөөлөгчдийн тэргүүн хэлсэн үгэндээ дэлхий дахинд нийгэм, эдийн засаг, байгаль орчин, аюулгүй байдлын сорилтууд тулгарч буй энэ үед цөмийн энергийг энх тайван, эрүүл мэнд, хөгжил дэвшлийн зорилгоор ашиглахад ОУАЭА-ийн үүрэг улам чухал болж буйг онцлов. Монгол Улс цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах, цөмийн зэвсэггүй бүс байгуулах олон улсын хамтын хүчин чармайлтыг тууштай дэмжиж ирснийг тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улс 2024 онд Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2025 оны нэмэлт өөрчлөлт, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон баталсан нь цөмийн аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлэхэд стратегийн чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
Тухайлбал, тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улс 1992 онд цөмийн зэвсэггүй улс гэдгээ тунхагласан цагаасаа хойш энэхүү амлалтаа тууштай хэрэгжүүлж, олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон баталснаар Монгол Улс ОУАЭА-тай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, дэлхийн аюулгүй байдлын үйл хэрэгт хувь нэмрээ үргэлжлүүлэн оруулж байна” хэмээн онцоллоо.
Монгол Улс Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд цаашид цөмийн эрчим хүчний дэд бүтцийн суурь судалгааг хийх, цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллага (NEPIO) байгуулах, ураны үйлдвэрлэлийг эхлүүлэхээр зорьж буйгаа танилцуулж, ОУАЭА-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эрмэлзлээ илэрхийлэв.
ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж буйг онцолж, агентлагийн “Итгэл найдварын туяа”, цөмийн технологийг хүнсний хангамж, аюулгүй байдалд ашиглах “Atoms for Food”, “ЗОДИАК”, хүлэмжийн хийг тэглэхэд цөмийн энергийн инновацийг ашиглах “Atoms4NetZero”, “NUTEC Plastics” зэрэг санаачилгуудыг Монгол Улс дэмжиж, үндэсний төслүүддээ уялдуулан хэрэгжүүлж байгааг дурдав.
Төлөөлөгчид мөн 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын нэмэлт, өөрчлөлт болон Цөмийн терроризмын эсрэг олон улсын конвенцийг баталсны 20 жилийн ойн дагалдах арга хэмжээнд оролцож, Монгол Улс Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталсан 138 дахь буюу хамгийн сүүлийн улс болохын хувьд уг баримт бичгийн ач холбогдлын талаар үг хэлэв.
