ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГИЙН ЕРӨНХИЙ БАГА ХУРЛЫН 69 ДҮГЭЭР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ.

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын ээлжит 69 дүгээр чуулган 2025 оны 09 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо зохион байгуулагдаж байна. Чуулганд ОУАЭА-ийн 180 гишүүн улс, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож байна.

Ерөнхий бага хурал нь жил бүрийн есдүгээр сард хуралддаг бөгөөд Агентлагийн төсвийг батлах, захирагчдын зөвлөл, Ерөнхий захирал болон гишүүн орнуудаас тавьсан асуудлуудыг хэлэлцэж, шийдвэр гаргадаг өндөр түвшний арга хэмжээ юм. Энэ удаагийн чуулганаар Агентлагийн 2024 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан, 2026 оны төсөв, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгаатай холбоотой гэрээ, конвенцийн биелэлт, цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагаа, техникийн хамтын ажиллагаа, цөмийн шинжлэх ухаан, технологийн хэрэглээ зэрэг 24 багц асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргах юм.

Чуулганы хүрээнд 2025 оны 09 сарын 16-17-ны өдрүүдэд “Atoms4Water” сэдэвт шинжлэх ухааны форум зохион байгуулагдах бөгөөд усны нөөцийг тогтвортой удирдах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, усны чанар, хүртээмжийг сайжруулахад цөмийн технологийг ашиглах боломж, туршлага, инновацийг хэлэлцэх юм. Мөн ОУАЭА-ийн гишүүн орнуудад усны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зориулсан чадавхи бэхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй NUTEC Plastics санаачилга, Дэлхийн усны шинжилгээний лабораторийн сүлжээ (GlowAL), судалгааны төслүүд болон техникийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл авах боломжтой.

Монгол Улсаас төлөөлөгчдийг тэргүүлж НҮБ-ын Вена дахь салбар төв болон бусад олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч М.Цэнгэг болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Хавдар судлалын үндэсний төвийн төлөөллөөс бүрдсэн төлөөлөгчид чуулганд оролцож байна.