ОУАЭА-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ РАФАЭЛЬ ГРОССИ ЕРӨНХИЙ БАГА ХУРЛЫН 69 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ НЭЭЛТЭД ХЭЛСЭН ҮГИЙН ТОВЧ ТОЙМ

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын 69 дүгээр чуулганд 155 улсаас 3100 гаруй төлөөлөгч бүртгүүлэн оролцож байна. Тэдний дунд 57 сайд, 37 дэд сайд болон хааны гэр бүлийн хоёр гишүүн багтаж байна. Төрийн бус байгууллагуудаас оролцогчдын тоо 2021 оноос хойш хоёр дахин өссөн бол бусад олон улсын байгууллагуудаас оролцогчдын тоо ч нэмэгдсэн нь ОУАЭА дэлхий даяарх хамтын ажиллагаагаа өргөжүүлж буйг харуулж байна.

ОУАЭА-ийн Ерөнхий захирал Рафаэль Мариано Гросси 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо болж буй Ерөнхий бага хурлын 69 дүгээр чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ дэлхий дахины цөмийн аюулгүй байдал, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тогтолцоонд тулгарч буй сорилтууд, цөмийн эрчим хүчний ирээдүй, агентлагийн гүйцэтгэж буй үүргийн талаар онцоллоо. Тэрээр дэлхий даяар терроризм, олон улсын мөргөлдөөн, цөмийн хэм хэмжээг зөрчих явдал нэмэгдэж, олон улсын энх тайван, аюулгүй байдалд эрсдэл үүсгэж байгааг тэмдэглэв. Ираны цөмийн байгууламжид гарсан халдлагын дараа ОУАЭАийн хяналт түр зогссон ч Ирантай байгуулсан шинэ тохиролцоогоор агентлагийн баталгааны байцаагчид хяналт шалгалт хийх боломжтой болж, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх зам нээгдсэн талаар мэдээлэв. Мөн Сирийн Арабын Бүгд Найрамдах Улстай ил тод хамтын ажиллагаа эхэлснээр тус улсын өнгөрсөн цөмийн үйл ажиллагааны асуудлыг эцэслэх, олон улсын хамтын нийгэмлэгт дахин нэгтгэгдэх нөхцөл бүрдэж байгааг тэмдэглэв. Харин БНАСАУ-ын цөмийн хөтөлбөртэй холбоотой сорилтуудыг шийдвэрлэх, олон улсын дэг журмыг хамгаалах хэрэгцээ хэвээр байгааг дурдав. Гросси Украины цөмийн эрчим хүчний байгууламжуудын аюулгүй байдлын нөхцөл байдал, Фукушима Дайичи станцын усан хаягдлын мониторинг зэрэг үйл ажиллагаанд ОУАЭА хэрхэн ажиллаж байгааг онцлон тэмдэглэв. 2022 оноос эхлэн ОУАЭА нийт 200 гаруй баг Украинд илгээн, цөмийн байгууламжуудын аюулгүй ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлж буйг тайлагнав. Мөн Запорожжя болон Чернобылийн цөмийн эрчим хүчний станцуудын аюулгүй байдлын эрсдэл өндөр хэвээр байгааг тэмдэглээд, цөмийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд Украин болон ОХУ-ын удирдлагуудтай ойр хамтран ажиллах шаардлагатайг онцлов. Мөн Фукушима Дайичи станцаас далайд гаргаж буй ALPS технологиор цэвэршүүлсэн усан дахь тритийн агууламж нь олон улсын аюулгүй байдлын стандарттай бүрэн нийцэж байгааг ОУАЭА баталгаажуулсан бөгөөд энэ үйл явц ил тод, хараат бус хяналтын дор явагдаж буйг дурдав. Цөмийн эрчим хүчийг уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдлын чухал шийдэл гэж тодорхойлж, 2050 он гэхэд дэлхийн цөмийн эрчим хүчний хүчин чадал хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгааг тэмдэглэв. Шинээр цөмийн эрчим хүч хэрэглэхээр эхлэгч орнуудад дэмжлэг үзүүлэх, бага чадлын реакторын зохицуулалтыг сайжруулах, санхүүжилтийн боломжуудыг нэмэгдүүлэх шаардлагатайг хэлж, Дэлхийн банк цөмийн эрчим хүчний төсөлд санхүүжилт олгох бодлого баримталж эхэлсэн нь чухал ахиц болсныг онцлов. Хөгжиж буй орнуудад хавдрын өвчлөл ноцтой хямрал үүсгэж байгааг тодотгож, ОУАЭА-ийн “Rays of Hope” буюу “Итгэл найдварын туяа” санаачилгыг гурван жилийн өмнө эхлүүлснээр 40 оронд бодит ахиц гарч, шинэ эмнэлэг баригдаж, туяа эмчилгээний төхөөрөмжүүд нийлүүлэгдэж, физикч мэргэжилтнүүд бэлтгэгдэн, олон хүний амь насыг аварсныг дурдав. Дэлхий даяар хоол хүнс, усны аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалахад цөмийн технологийн ач холбогдлыг онцлон, Atoms4Food санаачилга хүнсний аюулгүй байдал, усны нөөцийн оновчтой хэрэглээ, хортон шавьжтай тэмцэхэд цөмийн технологийг ашиглаж буйг, NUTEC Plastics санаачилга нь далайн микропластикийг хянах, хог хаягдлыг ашигтай бүтээгдэхүүн болгох технологийг хөгжүүлэхэд 152 улс оронд дэмжлэг үзүүлж байгааг дурдав. Мөн ZODIAC хөтөлбөрийн хүрээнд 129 лаборатори, 151 улс орон нэгдэж, амьтан болон хүний халдварт өвчний эрсдэлд бэлтгэл, хяналтыг сайжруулсныг тэмдэглэв.