“РЕАКТОРЫН ИНЖЕНЕРЧЛЭЛ-2025” СЭДЭВТ ДАГАЛДАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар (хуучнаар), Япон Улсын Эдийн Засаг, Худалдаа, Үйлдвэрийн Яамны Байгалийн баялаг, эрчим хүчний агентлаг хооронд “Цөмийн энерги болон ураны нөөцийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг 2009 онд анх байгуулсан. Санамж бичгийн гол зорилго нь талууд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, аюулгүй байдал болон хамгаалалтын баталгааг хангах замаар цөмийн энергийн болон ураны нөөцийг энхийн зорилгоор ашиглах хамтын ажиллагааг дэмжих явдал юм.
Тус санамж бичгийн хүрээнд Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-ийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төвөөс Япон Улсад зохион байгуулсан “Цөмийн аюулгүй байдлын семинар”, “Сургагч багш бэлтгэх сургалт”, “Судлаачдын солилцооны хөтөлбөр”, “Анхан шатны мэдлэг олгох сургалт” болон сургагч багш бэлтгэх сургалтуудад 2010-2023 онуудад манай улсын 120 гаруй судлаач, мэргэжилтнүүд хамрагдсан.
2012 оноос Япон Улсад зохион байгуулагдсан “Сургагч багш бэлтгэх сургалт”-д Хүрээлэн буй орчны цацрагийн хяналт, Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал, Цөмийн реакторын физик гэсэн 3 чиглэлээр жил бүр сургагч багш бэлтгэн, бэлтгэгдсэн сургагч багш нар Монгол Улсад “Дагалдах сургалт”-аар холбогдох байгууллагуудын албан хаагчдыг чадавхжуулахад давхардсан тоогоор нийт 32 байгууллагын 500 гаруй албан хаагчийг хамруулсан.
Цөмийн салбарын хүний нөөцийн чиглэлээр 2025 оны 09 дүгээр сарын 09-11-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Энэ удаагийн дагалдах сургалтад Японы атомын энергийн агентлагиас ноён Күнихико Набешима, профессор И. Амамото нар хүрэлцэн ирсэн. Монголоос Япон Улсад суралцсан МУИС-ийн Инженер, Технологийн сургууль, МУИС-ийн харьяа ЦФСТ, ШУТИС-ийн ЭХИС-ийн багш нар хамтран цөмийн эрчим хүчний реактор, ажиллагаа, аюулгүй байдал, түлшний цикл, цацрагийн хамгаалалт, цацраг идэвхт хаягдлын менежмент зэрэг сэдвүүдээр сурсан мэдлэгээ гурван өдрийн хугацаанд хуваалцлаа. Сургалтад Эрчим хүчний хөгжлийн төв, Эрчим хүч, эдийн засгийн хүрээлэн, ДЦС-3 ТӨХК, ДЦС-4 ТӨХК Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэн, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв, ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургууль, зэрэг төрийн 8 байгууллагын нийт 18 албан хаагчид хамрагдан амжилттай зохион байгуулагдлаа.