Азийн цөмийн хамтын ажиллагааны форум (АЦХАФ)-аас шагнал хүртлээ.

Цөмийн физикийн судалгааны төвийн судлаач, Доктор Д.Болортуяа Азийн Цөмийн Хамтын Ажиллагааны Форум (АЦХАФ)-аас тодруулсан "Female Researcher Encouraging Award 2024"-д шалгарчээ.
АЦХАФ нь 1990 онд Азийн хөрш орнууд цөмийн энергийн салбар дахь хамтын ажиллагаагаа илүү үр дүнтэй хөгжүүлэх Япон улсын санаачлагаар байгуулагдсан бөгөөд сүүлийн 35 жилийн хугацаанд цацрагийн технологийн хэрэглээ, судалгааны реакторын ашиглалт, хөгжүүлэлт, цөмийн аюулгүй ажиллагааг бэхжүүлэх, цөмийн дэд бүтцийг бэхжүүлэх зэрэг чиглэлээр эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, мэдээлэл солилцох үйл ажиллагааг тогтмол явуулж ирсэн төдийгүй жил бүр шилдэг судлаач, шилдэг судалгааны багийг гишүүн улсуудаасаа тодруулдаг.
Үүний дээр шинжлэх ухаан, технологийн салбарт жендерийн тэгш эрхийг хамгаалах оролцооныхоо хүрээнд цөмийн энергийн салбарт идэвхтэй, өндөр амжилттай яваа судлаач эмэгтэйчүүдийг тодруулан урамшуулдаг уламжлалтай. Улмаар Монгол Улсын судлаач, доктор Д.Болортуяа тус байгууллагын "Судалгааны реакторын хэрэглээ, шаардлага" төслийг 2022-2023 онд удирдан ажиллаж, 2024 онд АЦХАФ-ын гишүүн улсууд болох Австрали, Бангладеш, Хятад, Индонез, Казахстан, Солонгос, Малайз, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг бусад 11 улсын эмэгтэй судлаачдыг тэргүүлэн "Эмэгтэй судлаачдыг урамшуулах шагнал 2024"-ыг хүртжээ.
АЦХАФ-ын судалгаа, шинжилгээ, мэдээлэл солилцох төслүүдэд Монгол Улсыг төлөөлөн оролцдог шинжлэх ухаан, технологийн салбарын эрдэмтэн мэргэжилтэнүүд болон олон улсын судлаачдыг манлайлан шагнал хүртсэн судлаач, доктортоо халуун баяр хүргэе.