ЦӨМИЙН ФИЗИКИЙН СУДАЛГААНЫ ТӨВИЙН 60 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО.

Монгол Улсад Цөмийн физикийн шинжлэх ухаан, технологийн судалгааг хөгжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зорилготой “Цөмийн физикийн судалгааны төв”-ийг анх 1965 онд МУИС-ийн ректорын тушаалаар “Цөмийн шинжилгээний групп” нэртэйгээр байгуулж байв.

ОХУ-ын Дубна хотод байрлах Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт (ЦШНИ)-ээс МУИС-д нейтроны генератор шилжүүлэн авсантай холбогдуулан байгуулсан тус нэгж сургалт-судалгааны төв болон өргөжин тэлж, цөмийн физик, цөмийн технологийн олон зуун мэргэжилтнийг бэлтгэсэн суурь бааз болон хөгжиж нэгэн жарныг үдэн, өдгөө Цөмийн шинжлэх ухаан, технологи, инженерчлэлийн чиглэлээр шинэ мэдлэг бүтээх, шинэ технологийг нэвтрүүлэх, боловсон хүчин бэлтгэх ууган байгууллага болсон баяраа энэ онд тэмдэглэж байна.

Төвийн 60 жилийн ойг тохиолдуулсан баярын хурлыг 6 дугаар сарын 30-нд хийж, тус арга хэмжээг дагалдуулан 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цацрагийн биологи, материал судлал, хүрээлэн буй орчны судалгаа-хөгжүүлэлтэд цөмийн технологийг ашиглах сэдвээр ЦШНИ-тэй хамтран зуны сургалт зохион байгуулж байна. Энэ сургалтад мэдлэг, туршлагаа хуваалцахаар ЦШНИ-ийн Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга, Цацрагийн биологийн лабораорийн захирал, бусад зарим лабораторийн орлогч захирал зэрэг 10 эрдэмтэн судлаач лекц уншихаар иржээ.

Баярын хурлын нээлтэд МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, ШУА-ийн дэд ерөнхийлөгч академич Б.Авид, Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжав болон ЦШНИ-ийн эрдэмтэн зочид оролцож, өнгөрсөн жаран жилийн ололт амжилт, хамтын ажиллагааны талаар үнэлэлт дүгнэлт өгөв.

Цөмийн физикийн судалгааны төвийн эрдэмтэн судлаачид Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрөөр үндэсний төслүүд хэрэгжүүлж, салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэн мэргэшүүлэх, дэвшилтэт тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, геологи, уул уурхай, хүрээлэн буй орчин, цацрагийн хамгаалалт, судалгаа шинжилгээ зэрэг нийгэм-эдийн засгийн өргөн салбарт нэвтрүүлэхэд манлайлан ажиллаж ирсэн билээ.

Г.Манлайжав үг хэлэхдээ тус төвийн судлаачид, багш нар, инженер техникийн ажилтнууд цөмийн арга техник ашиглан үйлдвэрлэлийн процесст хяналт тавих, төрөл бүрийн дээжинд химийн элементийн агуулгыг хурдан, өндөр нарийвчлалтай тодорхойлох олон тооны арга аргачлал боловсруулж, аналитикийн тоног төхөөрөмж зохион бүтээж инновацийн олон тооны бүтээлээ үйлдвэрлэл практикт нэвтрүүлэх үйл ажиллагааг амжилттай хийж ирсэн төдийгүй, Монгол Улсад цөмийн физик, технологийн мэргэжилтэн бэлтгэж, орчин үеийн цөмийн физик, инженерчлэлийн чиглэлийн онол, туршлагын суурь болоод хэрэглээний судалгаа-хөгжүүлэлтийн бүтээлүүд туурвисан нь олон улсын түвшинд үнэлэгдэх хэмжээнд хүрч, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэв.