ЦӨМИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ КОНВЕНЦЫГ СОЁРХОН БАТАЛЛАА
“Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 60 дугаар тогтоолоор “Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц”, “Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт” болон “Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол”-д нэгдэн орох арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан.
Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 79.1-д заасны дагуу хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд 11 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн.
Улсын Их Хурлын Аюулгүй Байдал, Гадаад бодлогын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн хуралдаанаар Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэлсэн баталлаа.
Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн гишүүн орнуудын санаачилгаар 1994 онд баталж, 1996 оны 10 дугаар сарын 24-нд хүчин төгөлдөр болсноос хойш одоогийн байдлаар 96 улс нэгдэн орсон байна.
Конвенцын зорилго нь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар дэлхий дахинд цөмийн аюулгүй ажиллагааны дэглэмийг ханган тогтвортой байдлыг сахих, цөмийн төхөөрөмжөөс үүсэх ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хүн ам, хүрээлэн буй орчныг хамгаалах зорилгоор болзошгүй цацрагийн ослын үед үр дүнтэй хариу арга хэмжээ төлөвлөх, хэрэгжүүлэх, цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, осол гарсан тохиолдолд сөрөг үр дагаврыг багасгахад оршино. Энэхүү конвенц нь цөмийн байгууламжийн аюулгүй ажиллагааг хангахад үйлчилнэ.
Конвенцод нэгдсэнээр цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах үйл ажиллагааг цөмийн аюулгүй ажиллагааны олон улсын хэм хэмжээ, шаардлагын дагуу нийцүүлэн хэрэгжүүлэх, цацрагийн сөрөг нөлөөллөөс хүн ам, нийгэм, хүрээлэн буй орчныг хамгаалах, хяналтын тогтолцоо бий болох, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд техникийн дэмжлэг туслалцаа авах боломж бүрдэж байна.