“ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СТАНЦЫН ГАЗАР СОНГОЛТ БА ЦАХИЛГААН СҮЛЖЭЭ” СЭДЭВТ ҮНДЭСНИЙ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Эрчим Хүчний Яам, Цөмийн энергийн комиссоос Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-тай хамтран “Цөмийн эрчим хүчний станцын газар сонголт ба цахилгаан сүлжээ” сэдэвт үндэсний семинарыг 2024 оны 12 дугаар сарын 02-04-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Арга хэмжээг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх нээж, дулааны болон цахилгаан эрчим хүчний суурь ачааллыг хангадаг нүүрсний гол станцуудын ашиглалтын хугацаа дуусах шатандаа орж байгаа учраас нүүрсхүчлийн хийн ялгаруулалт багатай эх үүсвэрийг ашиглах талаар олон улсын чиг хандлагад нийцүүлэх шаардлага гарч, “Цөмийн эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх зөвлөмж”-ийн дагуу цөмийн эрчим хүчийг ашиглахад шийдвэрлэвэл зохих дэд бүтцийн үндсэн 19 асуудлыг шийдвэрлэх нарийвчилсан судалгааны ажил хийх шаардлагатай байгаа болон үүнд ОУАЭА-ийн зүгээс хууль эрх зүйн баримт бичиг, арга зүйн зөвлөмжүүдээр хангах, экспертүүд ирүүлж зөвлөгөө өгөх зэргээр бүх талын тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг тэмдэглэснийг онцоллоо.
Монгол Улс эрчим хүчний хангамжаа олон төрлийн эх үүсвэрээс найдвартай хангах, ялангуяа эрчим хүчний дутагдлыг арилгах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд ногоон эрчим хүч ашиглах зэрэгт цөмийн эрчим хүчийг ашиглах боломжийг авч үзэхийн тулд Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “...цөмийн эрчим хүч ашиглах бодлого хэрэгжүүлж, суурь судалгааг хийнэ” гэж тусгасан. Иймд Цөмийн энергийн комиссоос цөмийн эрчим хүч ашиглах боломжийн судалгааг эрчимжүүлж ОУАЭА-тай Техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Цөмийн эрчим хүчийг ашиглах боломжийг судлах болон цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг бэхжүүлэх” сэдэвт төслийг энэ оноос хэрэгжүүлж эхэлсэн.
Төслийн хүрээнд ОУАЭА-ийн цөмийн эрчим хүчний дэд бүтцийн асуудлуудыг судлах хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний төлөвлөлт, үндэсний байр суурь, газар сонголт, цахилгаан сүлжээ зэрэг сэдвүүдээр экспертүүд хүрэлцэн ирж, цуврал үндэсний семинараар илтгэл хэлэлцүүлж, холбогдох шатны албан хаагч, шийдвэр гаргагчидтай хоёр талт уулзалтуудыг хийж байна. Үүний нэг нь “Цөмийн эрчим хүчний станцын газар сонголт ба цахилгаан сүлжээ” сэдэвт үндэсний семинар бөгөөд семинараар газар сонголтын үйл явц, шалгуур үзүүлэлт, цөмийн эрчим хүчний станцыг цахилгаан сүлжээнд холбох бэлтгэх ажил, газар сонголт ба түүний үнэлгээ, цахилгаан сүлжээний найдвартай, тогтвортой байдал, практик туршлага зэрэг асуудлуудыг хэлэлцэж, Монгол Улс дахь цөмийн эрчим хүчний станцын газар сонголт ямар байх, одоо байгаа цахилгаан сүлжээний дэд бүтэцтэй уялдуулан ажиллах, эдгээрт аюулгүй ажиллагааг хангах талаар холбогдох мэргэжилтнүүдэд ойлголт өглөө.
Семинарт Эрчим хүчний яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, Эрчим хүчний зохицуулах хороо, ШУА-ийн хүрээлэнгүүд, их дээд сургууль зэрэг төрийн болон төрийн бус 25 байгууллагын 40 гаруй төлөөлөл оролцлоо.