ЦӨМИЙН МАТЕРИАЛЫГ БИЕЧЛЭН ХАМГААЛАХ ТУХАЙ КОНВЕНЦЫН 2005 ОНЫ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ СОЁРХОН БАТАЛЛАА

Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц болон түүний нэмэлт өөрчлөлт нь цөмийн материал болон цөмийн байгууламжийн биет хамгаалалтын чиглэлээр заавал дагаж мөрдөх олон улсын баримт бичиг юм.

Монгол Улсад эрүүл мэнд, аж үйлдвэр, геологи, уул уурхай, хөдөө аж ахуй, судалгаа шинжилгээ, хяналтын салбарт цөмийн технологийг анх 1934 оноос хэрэглэж ирсэн бөгөөд одоогоор 669 аж ахуйн нэгж байгууллага (ААНБ)-д 2327 цацрагийн үүсгүүр ашиглаж байна. Цацрагийн үүсгүүрийн хэрэглээ 1996 онтой харьцуулахад 5.8 дахин өссөн үзүүлэлттэй байна. Иймд дотоодын хэрэглээ, хадгалалт, тээвэрлэлтэд байгаа цөмийн материалын аюулгүй байдлыг хангах асуудал зүй ёсоор тавигдаж буй өнөө үед бид Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж, эцэлсэн баталлаа.

Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцод 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 164 улс нэгдэн орж, 44 улс гарын үсэг зурсан байна. Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт нь 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон ба 2024 оны 09 дүгээр сарын байдлаар 137 улс нэгдэн орсон байна.

Энэхүү конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орсноор өөрийн орны цөмийн материал, өндөр идэвхт цацрагийн үүсгүүр, ураны хүдрийн баяжмалыг биечлэн хамгаалах шаардлагыг олон улсын стандартад нийцүүлж, биечлэн хамгаалах дэглэмийг бий болгох, үндэсний аюулгүй байдлыг хангах, цөмийн террорист үйлдлээс урьдчилан сэргийлэх, олон улсын байгууллагуудаас дэмжлэг авах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх гэсэн эдгээр зорилтуудад нийцсэн үндэсний эрх зүйн орчныг бий болгох, дэлхий дахинд цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй