Электрон хурдасгуурыг ашиглан эмнэлгийн хэрэгслийн ариутгал, хүнсний бүтээгдэхүүний боловсруулалт хийх технологи дэлхий нийтэд өргөн ашиглагдаж байна

Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн техник хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Цацрагийн ба электрон хурдасгуурын технологи” сэдэвт үндэсний семинар 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр  Монгол Улсын Их Сургуульд зохион байгуулагдаж, ОХУ-ын Новосибирск хотын Будкерийн нэрэмжит цөмийн физикийн хүрээлэнгийн профессор Александр Брязгин аж үйлдвэрийн электрон хурдасгуурын талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.

Үндэсний семинарт Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө, аж ахуйн яам, Монгол Улсын Их Сургууль, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөөлөл зэрэг 20 гаруй албан хаагч, судлаачид оролцож, орчин үеийн цөмийн технологи, электрон хурдасгуур, түүний хэрэглээний талаар мэдээлэл авч тус технологийг Монгол Улсад ашиглах боломжийн талаар хэлэлцлээ.

Дашрамд дуулгахад ОХУ-ын Новосибирск хотын Будкерийн нэрэмжит цөмийн физикийн хүрээлэн нь 3000 орчим судлаач, инженер албан хаагчтай бөгөөд 1975-2021 оны хугацаанд 2 төрлийн 250 гаруй хурдасгуур Америк, Хятад, Польш, Энэтхэг, Филиппин, Индонез, Япон, Солонгос зэрэг олон улсад хэрэглээнд нэвтрүүлсэн.

Хурдасгуур ашиглан эмнэлгийн хэрэгсэл /зүү, тариур, дуслын систем, нэг удаагийн бээлий, маск гэх мэт/ ариутгах болон хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулахад түүний цөмд өөрчлөлт оруулдаггүй тул тус бүтээгдэхүүн нь хэзээ ч цацраг идэвхтэй болдоггүй байна.

Ионжуулагч цацраг нь аливаа биеттэй харилцан үйлчлээд чөлөөт радикал үүсгэдэг ба чөлөөт радикал нь хими, биологийн харилцан үйлчлэл үзүүлэх өндөр идэвхтэй байдаг. Энэ шинж чанарыг нь ариутгал болон боловсруулах технологид ашиглаж байна.

Химийн ариутгал нь бүтээгдэхүүнд химийн үлдэгдэл үүсгэдэг, халуун боловсруулалт нь бүтээгдэхүүний шинж чанарт өөрчлөлт оруулах сул талтай байдаг бол цацрагаар шарж ариутгах, боловсруулах технологи нь ямар нэгэн үлдэгдэл үүсгэдэггүй маш цэвэр технологи гэдгээрээ давуу талтай.

Хурдасгуурын чадал болон гүйдэл нь өндөр байх тусам илүү их хэмжээний бүтээгдэхүүнийг нэг дор ариутгах, боловсруулах боломжтой байдаг. Цацрагаар шарах технологийг бидний амьдралд ахуйд хэрэглэдэг резинэн хуванцар материал, цахилгааны кабел утас зэргийн бат бөх чанарыг дээшлүүлэхэд мөн ашиглаж байна.

Хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулахад 10МэВ хүртэл энергитэй электрон цацрагаар, 5МэВ хүртэл энергитэй тоормозолтын рентген цацрагаар, мөн Цезий-137, Кобальт-60 цацраг идэвхт үүсгүүрийн гамма цацрагаар шарах боломжууд байна.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй