ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

Цөмийн эрчим хүчний станц (ЦЭХС)-ын төсөл хэрэгжүүлэхээр зорьж буй улс нь төслийн бүхий л хугацаанд тогтвортой бодлого баримталж, үндэсний тогтолцоо (институци), дэд бүтэц, хүний нөөцийг бэлтгэх шаардлагатай байдаг. Төсөлд төрөл бүрийн чиг үүргийн олон байгууллага тодорхой үүрэгтэй оролцдог.

ОУАЭА-ийн зөвлөмжид дурдсанаар Засгийн газар, хяналтын байгууллага, станцыг өмчлөгч/ашиглагч гэсэн 3 гол байгууллага төсөлд чухал үүрэгтэй.

ЦЭХС-ын төслийг хэрэгжүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх үйл ажиллагааг 3 үе шаттай хэрэгжүүлэх ёстой. Үүнд:

I үе шат: ЦЭХС-ын төслийг хэрэгжүүлэх эсэх шийдвэр гаргахад шаардлагатай хүчин зүйлсийг судалж, төслийг цааш нь үргэлжлүүлэх эсэх тухай шийдвэр гаргах;

II үе шат: ЦЭХС-ын төслийг хэрэгжүүлэх шийдвэр гарсны дараа гэрээ болон бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангах (нарийвчилсан судалгаа, боловсруулалт хийх);

III үе шат: ЦЭХС-ыг ашиглахад бэлтгэх үйл ажиллагаа (барих);

Төслийн I үе шатанд тухайн улс нь эрчим хүчний хэрэгцээ, хангамжийг шийдвэрлэхэд цөмийн эрчим хүч чухал шийдэл байж болох хувилбарыг авч үзнэ. Үүний дараа Засгийн газар нь нийт 3 үе шатанд ЦЭХС-ын төсөл хэрэгжүүлэхэд бүх оролцогчдын үйл ажиллагааг хооронд нь уялдуулан зохицуулах үүрэг бүхий Цөмийн эрчим хүчний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага (ЦЭХХХБ)-ыг байгуулна. Түүнийг шинээр эсвэл аль нэг байгууллагыг түшиглэн байгуулна.

Шинээр ЦЭХС ашиглахаар зорьж буй улс орнуудад энэ байгууллагын чиг үүрэгт өндөр түвшний шийдвэр гаргах механизмаас гадна өдөр тутмын ажлыг гүйцэтгэх, уялдуулан зохицуулах механизмыг тусгаж өгдөг. ЦЭХХХБ-ын ажлын үр дүн нь Засгийн газраас үзүүлэх байнгын дэмжлэгээс ихээхэн хамаарна. Мөн ЦЭХХХБ нь шаардлага гарвал төрийн бусад байгууллагуудыг төсөлд татан оролцуулж, санал зөвлөгөө авах эрхтэй байдаг.

Засгийн газар ЦЭХХХБ-ын чиг үүрэг, эрх хэмжээг тогтоохдоо цөмийн эрчим хүчний дэд бүтцийн 19 асуудлыг хамруулан тусгаж батлах нь зүйтэй бөгөөд тус байгууллагад тухайн улсын эрчим хүчний гол хэрэглэгчид, хяналт үнэлгээ, байгаль орчин, цөмийн болон цацрагийн хамгаалалт, хууль эрх зүйн асуудал хариуцсан байгууллагууд, шийдвэр гаргах түвшний зэрэг төрийн болоод хувийн хэвшил, олон нийтийн байгууллагуудын төлөөллөөс хамруулж, бүх талын оролцоог хангаж ажиллах шаардлагатай байдаг. ЦЭХХХБ-ын эрх, үүргийг хамаарал бүхий яамдууд хүлээн зөвшөөрөх ёстой. Засгийн газар нь ЦЭХХХБ-ын чиг үүрэг, эрх хэмжээний талаарх дүрэмд туссан үйл ажиллагааг явуулах хүний нөөц, санхүүгийн асуудлыг нарийвчлан тусгаж баталсан байх ба тус байгууллагын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэхэд байнгын дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Засгийн газраас ЦЭХХХБ-ыг байгуулснаа албан ёсоор зарлаж, бүх оролцогч талд Засгийн газрын зорилгын талаар мэдэгдэх нь зүйтэй байдаг.

ЦЭХС-ын төслийг эхлүүлэх нь удаан үргэлжлэх, хэд хэдэн нарийн төвөгтэй, харилцан уялдаатай үйл ажиллагааг хамарсан цогц үйл ажиллагаа юм. Туршлагаас харахад, аливаа улс цөмийн эрчим хүчийг авч үзэх бодлогын анхны шийдвэрээс анхны ЦЭХС-аа ашиглалтад оруулах хүртэлх хугацаа ойролцоогоор 10-15 жил байдаг. Ерөнхийд нь авч үзвэл ЦЭХС-ын төсөл нь 100-120 жил үргэлжлэх төсөл юм. Үүнд ашиглах хугацаа 60-80 жил, ашиглалтаас гаргах хугацааг 20-40 жил гэж олон улсын туршлага, хөгжлийн хандлагаас үзэж болохоор байна.

Төслийн I үе шатанд ЦЭХХХБ-ын үндсэн үүрэг бол шаардлагатай судалгаануудыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, гарсан үр дүнг нэгтгэн, холбогдох тайланг Засгийн газарт танилцуулж, ЦЭХС-ын төсөл хэрэгжүүлэх эсэх талаар шийдвэр гаргуулна.

Засгийн газраас төслийг хэрэгжүүлэх шийдвэр гарсан тохиолдолд төслийн II үе шат эхэлнэ. Энэ шатанд ЦЭХХХБ-ын үндсэн үүрэг нь цөмийн эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай ажил үйлчилгээг зохицуулах, уялдуулах, хянах явдал юм. Энэ шатны төгсгөлд Засгийн газрын яамдууд, хяналтын байгууллага, станцыг эзэмших/ашиглах эрх бүхий байгууллага/этгээд нь хамтдаа анхны ЦЭХС-ын гэрээг хийх эсвэл тендер зарлах мөчид төслийг хүргэх үүрэг хүлээнэ.

Төслийн III үе шатанд ЦЭХХХБ нь хяналтын байгууллага болон төсөлд төрийн оролцоог хангаж буй бусад эрх бүхий байгууллага, станцыг эзэмших/ашиглах эрх бүхий байгууллага/этгээдийн хамт станцыг барьж ашиглалтад оруулахад бэлтгэх үүрэгтэй ба энэ шатны төгсгөлд албан ёсоор татан буугддаг.

ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД БҮТЦИЙН 19 ЭЛЕМЕНТ

МОНГОЛ НЭРШИЛ

  1. Үндэсний байр суурь

  2. Цөмийн аюулгүй ажиллагаа

  3. Менежмент

  4. Хөрөнгө оруулалт ба санхүүжилт

  5. Хууль эрх зүйн орчин

  6. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгаа

  7. Хяналтын тогтолцоо

  8. Цацрагийн хамгаалалт

  9. Цахилгаан шугам сүлжээ

  10. Хүний нөөцийг хөгжүүлэх

  11. Сонирхогч талуудын оролцоо

  12. Байршил болон туслах байгууламж

  13. Хүрээлэн буй орчны хамгаалалт

  14. Болзошгүй ослын төлөвлөлт

  15. Цөмийн аюулгүй байдал

  16. Цөмийн түлшний цикл

  17. Цацраг идэвхт хаягдлын менежмент

  18. Аж үйлдвэрийн оролцоо

  19. 19.Худалдан авах ажиллагаа

АНГЛИ НЭРШИЛ

1. National Position 2. Nuclear Safety

3. Management 4. Funding and Financing 5. Legal Framework 6. Safeguards 7. Regulatory Framework 8. Radiation Protection 9. Electrical Grid 10. Human Resource Development

11. Stakeholder Involvement 12. Site and Supporting Facilities 13. Environmental Protection 14. Emergency Planning 15. Nuclear Security 16. Nuclear Fuel Cycle 17. Radioactive Waste Management 18. Industrial Involvement 19. Procurement

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй