ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН АЖЛЫН АЛБАНААС “МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ 2024” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО.

“Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо”-ны санаачилгаар 2009 оноос зохион байгуулж ирсэн “МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ 2024” чуулга уулзалт 2024 оны 03 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо 15 дахь удаагаа зохион байгуулагдлаа.

Чуулганаар төрийн байгууллагын төлөөлөл, геологичид, судлаачид, орон нутаг, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид зэрэг оролцогч талууд салбарын ололт амжилт, тулгарч буй асуудал, шийдлийн талаар хэлэлцэж, улсын төсвөөр хийгдсэн геологийн судалгаа, эрэл, хайгуул, цацраг идэвхт ашигт малтмал, газрын ховор элемент, орчин үеийн агаарын геофизикийн технологи, эрдэс баялгийн салбарын хүний нөөц, мэргэжилтний асуудал, региональ геологи зэрэг сэдвүүдээр геологичид санал бодлоо солилцов.

Чуулга уулзалтад Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас ерөнхий илтгэлийн хэсэгт цацраг идэвхт ашигт малтмалын дэлхийн чиг хандлага, манай улсын өнөөгийн байдал, ураны үнийн зах зээл, цөмийн эрчим хүчний өнөөгийн байдал зэргийг тусгасан “Цацраг идэвхт ашигт малтмалын өнөөгийн байдал” сэдвээр илтгэл, мөн хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтад манай улсын цацраг идэвхт ашигт малтмалын өнөөгийн байдал, төслүүдийн явц, хууль, эрх зүйн орчин, цөмийн эрчим хүчний дэлхийн чиг хандлага, манай улсын цөмийн эрчим хүчний талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэргийг тусгасан “Цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь” сэдвээр илтгэл тус тус тавьж оролцлоо.

Энэхүү чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол улсын их сургууль, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, Геологийн хүрээлэн, Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо, Монголын геологийн холбоо, Монгол Улсын өрөмдлөгийн холбоо, Монголын геофизикчдийн холбоо, Монголын гидрогеологийн холбоо, Монголын геологийн эмэгтэйчүүдийн холбоо, Дорнод Монголын хайгуулчдын холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй