“РЕАКТОРЫН ИНЖЕНЕРЧЛЭЛ-2025” СЭДЭВТ ДАГАЛДАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар (хуучнаар), Япон Улсын Эдийн Засаг, Худалдаа, Үйлдвэрийн Яамны Байгалийн баялаг, эрчим хүчний агентлаг хооронд “Цөмийн энерги болон ураны нөөцийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг 2009 онд анх байгуулсан. Санамж бичгийн гол зорилго нь талууд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, аюулгүй байдал болон хамгаалалтын баталгааг хангах замаар цөмийн энергийн болон ураны нөөцийг энхийн зорилгоор ашиглах хамтын ажиллагааг дэмжих явдал юм.

Тус санамж бичгийн хүрээнд Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-ийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төвөөс Япон Улсад зохион байгуулсан “Цөмийн аюулгүй байдлын семинар”, “Цөмийн материалын биет хамгаалалт”, “Сургагч багш бэлтгэх сургалт”, “Судлаачдын солилцооны хөтөлбөр”, “Анхан шатны мэдлэг олгох сургалт” болон сургагч багш бэлтгэх сургалтуудад 2010-2023 онуудад манай улсын 100 гаруй судлаач, мэргэжилтнүүд хамрагдсан.

2012 оноос Япон Улсад зохион байгуулагдсан “Сургагч багш бэлтгэх сургалт”-д

Хүрээлэн буй орчны цацрагийн хяналт

Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал

Реакторын инженерчлэл

гэсэн чиглэлээр жил бүр сургагч багш бэлтгэн, бэлтгэгдсэн сургагч багш нар Монгол Улсад “Дагалдах сургалт”-аар холбогдох байгууллагуудын албан хаагчдыг чадавхжуулахад давхардсан тоогоор нийт 32 байгууллагын 500 гаруй ажилтан хамрагдсан.

Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх “Реакторын Инженерчлэл-2025” дагалдах сургалтыг Японы атомын энергийн агентлаг, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль хамтран 2025 оны 01 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд ШУТИС-д зохион байгууллаа.

Энэ удаагийн дагалдах сургалтад Японы атомын энергийн агентлагиас ноён Док (Ph.D) Күнихико Набешима, ноён Док (Ph.D) Хидео Харада нар хүрэлцэн ирж лекц уншсан. Монголоос Япон Улсад суралцсан Эрчим хүчний яам, МУИС-ийн харьяа ЦФСТ, ШУТИС-ийн ЭХИС-ийн багш нар хамтран цөмийн судалгааны реактор, эрчим хүчний реакторын ажиллагаа, аюулгүй байдал, цацрагийн хамгаалалт, цөмийн мэдээлэл, нейтрон шилжилийн онол, Фукушима станцын осол зэрэг сэдвүүдээр гурван өдрийн хугацаанд мэдлэгээ хуваалцлаа.

Сургалтад Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, ДЦС-3 ба ДЦС-4 ТӨХК, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, ШУА- ийн Физик, технологийн хүрээлэн, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв, ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургууль зэрэг төрийн 10 байгууллагын нийт 24 албан хаагч оролцож амжилттай зохион байгуулагдлаа.