БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ М.ЦЭНГЭГ ОУАЭА-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ РАФАЭЛ ГРОССИД КОНВЕНЦИЙН БАТЛАМЖ ЖУУХ БИЧИГ ГАРДУУЛАВ.

Монгол Улсаас НҮБ-ын Вена дахь салбар төв, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч М.Цэнгэг Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий захирал Рафаэл Гросситой 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр уулзаж, Монгол Улсын соёрхон баталсан конвенцуудын Батламж жуух бичгийг гардуулав.
Монгол Улс 2024 онд Улсын Их Хурлаараа "Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц" болон "Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг" соёрхон батлаад байна.
ОУАЭА-ийн Ерөнхий захирал Рафаэл Гросси уулзалтын үеэр Монгол Улсад талархал илэрхийлж, дээрх конвенцуудад нэгдэн орсон нь олон улсын цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын хувьд эдгээр конвенцуудад нэгдэн орсон нь дараах ач холбогдлыг бий болгож байна. Үүнд:
Монгол Улс цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны талаарх олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн дүрэм, журам, стандартуудыг мөрдөж буйгаа баталгаажуулж, хариуцлагатай гишүүн улсын байр сууриа улам бэхжүүллээ.
Цөмийн аюулгүй ажиллагаа болон цөмийн материалыг хамгаалахтай холбоотой үндэсний хууль тогтоомжийг олон улсын шаардлагад нийцүүлэн шинэчлэх, боловсронгуй болгох нөхцөл бүрдлээ.
Олон улсын итгэлцлийг нэмэгдүүлснээр Монгол Улсад цаашид цөмийн эрчим хүч, технологийг энхийн зорилгоор ашиглах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх суурь бүрдэв.
ОУАЭА-ийн техникийн туслалцаа, сургалт, үнэлгээний механизмуудад илүү идэвхтэй оролцох боломж нэмэгдэж, мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх нөхцөл сайжирна.
Цөмийн аюулгүй байдлыг хангах нь зөвхөн үндэсний төдийгүй бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.
Цаашид Монгол Улс ОУАЭА болон гишүүн орнуудтайгаа хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, олон улсын цөмийн аюулгүй байдлын зорилтуудыг хэрэгжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулахыг зорьж байна.