МОНГОЛ УЛСЫН ХАВДРЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ОУАЭА-ИЙН ЗӨВЛӨХҮҮД УЛААНБААТАР ХОТОД ИРЖ АЖИЛЛАЛАА

ОУАЭА-ийн Ерөнхий захирал Рафаел Мариано Гросси “Итгэл найдварын туяа” хавдрын менежментийн сайжруулах санаачлагыг 2022 онд дэлхийн дахинд хавдрын менежментийг сайжруулах, туяа эмчилгээгүй болон тэгш бус хүртээмжтэй улс орнуудад онцгой анхаарал хандуулж, эмчилгээ оношилогооны үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой эхлүүлсэн.

Монгол Улсын Цөмийн Энергийн Комисс (ЦЭК) нь 2023 оны 03 дугаар сарын эхээр ОУАЭА-т энэхүү төсөлд хамрагдах хүсэлт гаргаснаар Монгол Улсад энэхүү үндэсний хэмжээний төслийг эхлүүлэхээр ажиллаж эхэлсэн билээ.

Эрүүл мэндийн салбарт өргөн хэрэглэж байгаа цөмийн технологийн шинэлэг арга аргачлалыг Монгол Улсад нэвтрүүлэх, хавдрын тусламж, үйлчилгээний менежментийг сайжруулах, эмчилгээ, оношлоогоог өргөжүүлэх, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2024-2025 онд хэрэгжүүлэх төслийн урьдчилсан үнэлгээ хийх, төслийн хүрээг тодорхойлох, төслийн үндэслэлийг баталгаажуулах зорилгоор ОУАЭА-ийн баг 2023 оны 08 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ирж ажиллаж байна.

Уг багийг ОУАЭА-ийн Техникийн Хамтын Ажиллагааны Газрын Ази, Номхон далайн бүсийн 1 дүгээр хэлтсийн дарга Ноён Гашав Гебейху Вольде ахалж, тус хэлтсийн Монгол Улсыг хариуцсан мэргэжилтэн Деннис Субботницкий, Цөмийн шинжлэх ухаан, хэрэглээний асуудал хариуцсан газрын мэргэжилтнүүд, Хавдар судлалын экспертүүд зэрэг 6 хүний бүрэлдэхүүнтэй ирж ажиллаж байна. Мөн БНСУ-ын Цацрагийн болон Эмнэлгийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн төлөөлөл оролцож байна.

ЦЭКнь ОУАЭА-тай сүүлийн 50 жил хамтран ажиллаж байгаа бөгөөд Техникийн Хамтын Ажиллагааны хүрээнд төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, Монгол Улсын цөмийн салбарт томоохон хувь нэмэр оруулдаг билээ. Монгол улсын талаас энэхүү айлчлалыг Эрүүл Мэндийн Яам болон ЦЭК удирдан зохион байгуулж, ХСҮТ, УНТЭ, УХТЭ зэрэг улсын голлох эмнэлгүүд оролцож байна.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй