ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

Цөмийн энергийн комиссын ээлжит хуралдаан 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ОУАЭА-т Монгол Улс албан ёсны байр суурийг илэрхийлэх албан бичиг хүргүүлэхээр боллоо

ОУАЭА-ийн “Цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын зохицуулах дүрэм”, “Цацраг идэвхт үүсгүүрийн импорт, экспортын нэмэлт заавар”, “Ашиглагдахгүй болсон үүсгүүрийн менежментийн нэмэлт заавар”-ыг дэмжих тухай албан ёсны байр суурийг илэрхийлэх албан бичгийг ОУАЭА-т хүргүүлэхээр тогтов.

ОУАЭА-аас цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг өндөр түвшинд хүргэж, тогтвортой байлгах зорилгоор “Цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын зохицуулах дүрэм” (2003), “Цацраг идэвхт үүсгүүрийн импорт, экспортын нэмэлт заавар” (2012), “Ашиглагдахгүй болсон үүсгүүрийн менежментийн нэмэлт заавар” (2017) –ыг тус тус баталж, эдгээр баримт бичгүүдийг мөрдлөг болгохыг гишүүн улс орнуудад уриалсан байдаг.

2023 оны 05 дугаар сарын байдлаар “Цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын зохицуулах дүрэм”-ийг 146 улс, “Цацраг идэвхт үүсгүүрийн импорт, экспортын нэмэлт заавар”-ыг 130 улс, “Ашиглагдахгүй болсон үүсгүүрийн менежментийн нэмэлт заавар”-ыг 55 улс дэмжиж, мөрдлөг болгох тухай албан ёсны байр суурийг ОУАЭА-т илэрхийлсэн байна.

Монгол Улсын Цөмийн аюулгүй байдлыг хангах замын зураглал, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталлаа

Монгол Улсын “Цөмийн аюулгүй байдлыг хангах замын зураглал”, “Цөмийн аюулгүй байдлыг хангах замын зураглалыг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г Цөмийн энергийн комиссын тогтоолоор баталлаа.

ОУАЭА-аас гишүүн улс орнууддаа Цөмийн аюулгүй байдлыг хангах замын зураглалыг (хуучнаар Цөмийн аюулгүй байдлыг хангах нэгдсэн төлөвлөгөө) боловсруулан баталж, тодорхой хугацаа (3-4 жил тутам)-нд дүгнэн, шинэчлэхийг зөвлөдөг ба 2022 оны байдлаар 113 улс энэхүү төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, нэмэлтээр 20 улс уг төлөвлөгөөгөө боловсруулан батлуулахаар ажиллаж байна.

Монгол Улс ОУАЭА-ийн гаргасан загварын дагуу Цөмийн аюулгүй байдлыг хангуулах нэгдсэн төлөвлөгөөг Цөмийн энергийн комиссын 2015 оны 02 дугаар тогтоолоор баталсан ба төлөвлөгөөнд Хууль тогтоомж ба хяналтын тогтолцоо, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах, тогтвортой хөгжүүлэх зэрэг бүлгүүдийн хүрээнд арга хэмжээнүүдийг тусгасан байдаг.

Замын зураглал, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний зорилго нь цөмийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин, зохион байгуулалт, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цөмийн болон бусад цацраг идэвхт материалын хууль бус хөдөлгөөнөөс урьдчилан сэргийлэх, цөмийн аюул заналыг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг төлөвлөн сайжруулахад оршиж байна.

Хоёр журам батлагдлаа

Зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж, Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан “Цөмийн бодистой холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ын төслийг комиссын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Энэхүү журмын зорилго нь Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т заасан цөмийн бодис эзэмших, ашиглах, худалдах, 15.1.4-т заасан цөмийн бодис импортлох, экспортлох, тээвэрлэх, өөрийн орны цацраг идэвхт хаягдлыг булшлах үйл ажиллагаа эрхлэхээр Цөмийн энергийн комиссоос тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах, үнэлгээ хийх, тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, цуцлах дотоод үйл ажиллагааг зохицуулах юм.

Мөн “Цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход санал авах, санал өгөх дотоод журам”-ын төслийг шинэчлэн боловсруулж, комиссын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ

Цөмийн энергийн тухай хуулийн 15.1-т заасан үйл ажиллагааг Цөмийн энергийн комиссоос олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ гэж заасны дагуу “Бадрах Энержи” ХХК-иас ирүүлсэн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг комиссын хуралдаанаар хэлэлцэн Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.24-т заасныг тус тус үндэслэн тус компанид цөмийн бодис эзэмших, ашиглах тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэв.

“Бадрах энержи” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь Зөөвч-Овоо ордод газрын дор хүчлээр уусган уран олборлох технологийн туршилтыг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр эхлүүлсэн ба 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгаж, нийт 10.4 тонн уран агуулсан 27.5 тонн аммонийн диуранатыг үйлдвэрлэсэн байна.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй