МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ФРАНЦЫН УЛСЫН “ОРАНО МАЙНИНГ” КОМПАНИТАЙ УРАН ОЛБОРЛОХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монгол Улсын Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг С.А.С” компанитай уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээнд өнөөдөр /2025.01.17/ талууд гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Бүгд найрамдах Франц Улсад бүртгэлтэй “Орано Майнинг” С.А.С компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, стратегийн томоохон төслийг эхлүүлсэн чухал үйл явдал юм.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд Т.Доржханд, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд оролцлоо. Францын талаас Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь франц иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн Мартан, “Орано Майнинг” С.А.С компанийн ерөнхийлөгч Никола Маас тэргүүтэй хүмүүс оролцлоо.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, гэрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд, Цөмийн энергийн комиссын дарга Ц.Туваан, ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Н.Наранцогт нар гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх 14 мега төслийн 3 дахь төсөл боллоо.

Төсөл хэрэгжиж, үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд 2,500 тонн ураныг олборлож экспортолно. Төслийн хүрээнд ногоон эрчим хүч болох үндсэн түүхий эд 68,9 мянган тонн ураныг үйлдвэрлэж уламжлалт нүүрсэнд суурилсан цахилгаан станцуудтай харьцуулахад улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг 3,9 тэрбум тонноор бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 2015 оны Парисын хэлэлцээрээр НҮБ, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх чухал алхам боллоо.

Энэ төслийг хэрэгжүүлснээр монголын ард түмэнд 5 орчим тэрбум ам.долларын ашиг орлого авчрах бөгөөд Орон нутгийн хөгжлийн санд Баялгийн сангаар дамжин 44 сая ам.доллар шилжүүлж, орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжилд зориулагдах боломж бүрдэнэ.