ИзоЭнержи АНУ-ийн Ютад ураны уурхайг дахин нээхээр ажиллаж байна

“Тони М” ураны уурхай нь Энержи Фьюлз компанийн Вайт Миса ураны боловсруулах үйлдвэрээс машинаар тээвэрлэх зайд оршдог (Зураг: ИзоЭнержи компани)

Канадын Саскатунд төвтэй ураны хайгуулын ИзоЭнержи компани нь 2024 оны эхний хагаст Юта дахь “Тони М” ураны далд уурхайн гарцыг дахин нээхээр ажиллаж байгаа бөгөөд ураны зах зээлийн хүлээгдэж буй нөхцөл байдал энэ хэвээр үргэлжлэх тохиолдолд 2025 онд ураны үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дахин эхлүүлэхээр зорьж байна.

Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор цөмийн эрчим хүчийг дэмжихийн хэрээр эрэлт хэрэгцээ нэмэгдэх болсон, мөн ураны үнийн өсөлт нь энэхүү “Стратегийн шийдвэр”-ийн гол үндэс болсон бөгөөд ИзоЭнержи компани нь Вайт Миса боловсруулах үйлдвэрт ураны хүдрийг боловсруулах гэрээг Энержи Фьюлз компанитай байгуулж, харилцаагаа дахин сэргээж буй талаар тус компаниас мэдэгдсэн байна.

ИзоЭнержи компанийн эзэмшиж буй АНУ-ын Юта мужид орших “Тони М” уурхай нь өмнө нь олборлолт хийж байсан бүрэн зөвшөөрөлтэй 3 ураны уурхайн нэг бөгөөд 1979-1984 он, 2007-2008 онд тус тус ашиглаж, нийт 1 сая фунт (400 тонн) орчим U3O8 (шар нунтаг) олборлосон байна. ИзоЭнержи компани нь Консольдэтд Ураниум Инк компанитай хувь нийлүүлэн нэгдэх замаар өнгөрсөн оны 12 сард энэхүү төслийг бүрэн худалдаж авчээ.

ИзоЭнержи компанийн хувьд “Тони М” далд уурхайг нээхээр ажиллаж эхэлснээс хойш 6 сарын дараа ийнхүү мэдэгдэл гаргаж байгаа аж. Тус компаниас энэ оны эхний хагасын эцэс гэхэд уурхайн гол амыг дахин нээж, гүний гарцтай болох төлөвлөгөөтэй байгааг дурдаад “Энэхүү алхам нь ураны эрдэсжилтийг газар дээр нь шууд шинжлэх, уурхайг ашиглах үр ашигтай төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай мэдээллийг бидэнд цуглуулах боломжийг олгож, гүний уурхайн нөхцөл байдлын үнэлгээг хөнгөвчлөх болно” гэжээ. Түүнчлэн ажлын хөтөлбөртөө олборлолтын илүү нарийн төлөвлөгөөг боловсруулж, эдийн засгийн шинэчилсэн судалгаа хийхийн тулд элсэн чулуунд агуулсан уран, ванадийн хүдэржилтийн газар доорх болон гадаргын геологийн зураглалын хийхээр тусгажээ.

Энержи Фьюлз компани Вайт Миса боловсруулах үйлдвэрт ураны хүдэр дахин боловсруулах ажиллагааг 2025 онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа талаар 2023 оны 12 дугаар сарын сүүлээр зарласан бөгөөд үүний дагуу ИзоЭнержи компани нь хамтын ажиллагаагаа дахин эхлүүлэхийн тулд хугацаандаа ураны хүдрээ нийлүүлэх/хүргэх төлөвлөгөөтэй байна.

Манай компани ураны үнийн зах зээлийн өнөөгийн болон ойрын ирээдүйн урьдчилсан таамаглалыг харгалзан уурхайн үйлдвэрлэлийг дахин эхлүүлэх цаг хугацаа буюу 2025 оныг “хамгийн тохиромжтой” гэж үзэж байна. “Ураны зах зээлийн (спот) үнэ 100 ам.долларт хүрч байгаа тул бид АНУ-д урьд нь олборлож байсан, бүрэн зөвшөөрөлтэй ураны уурхайнуудыг эзэмшиж байгаа нь азтай хэрэг бөгөөд харьцангуй бага хөрөнгө оруулалтаар, хурдан хугацаанд үйлдвэрлэлийг дахин эхлүүлэх боломжтой”. Энержи Фьюлз компанитай байгуулсан ураны хүдрээ хөлсөөр боловсруулах гэрээ нь манай компанийг ойрын хугацаанд уран олборлогчдын эгнээнд онцгой байр суурьтай болгоно гэж бид үзэж байна” хэмээн ИзоЭнержи компанийн гүйцэтгэх захирал хэлжээ.

“Тони М” далд уурхайг дахин ажиллуулах төлөвлөгөөнд гүний уурхайн одоо байгаа агааржуулалт болон бусад дэд бүтцийг шинэчлэх, зарим засвар үйлчилгээг хийх, инженерийн шугам сүлжээг солих, шинэчлэх, шаардлагатай бол далд уурхайн ажлын маркшейдер, нөхөн сэргээлт хийх зэрэг ажлуудыг хийх аж.

Мөн ИзоЭнержи компани нь “Данерос”, “Рим” уурхайнуудын үйл ажиллагааг дахин эхлүүлэх үнэлгээг хийж байна гэж тус компаниас мэдэгдэв.

Эх сурвалж: https://world-nuclear-news.org/Articles/IsoEnergy-to-reopen-Utah-uranium-mine

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй